Залуус орон нутагтаа магистрын боловсрол эзэмшлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-09 19:51:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн 29 залуу боловсон хүчин орон нутагтаа магистрын боловсрол эзэмшиж, амжилттай төгслөө. Энэ нь орон нутагтаа анхных нь болж байгаа бөгөөд Сүхбаатар аймаг ШУТИС-тай хамтран ажиллах гэрээний дагуу хийгджээ.

МСҮТ, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуультай хамтран Санхүүгийн менежмент, Төрийн захиргааны менежмент, Үйлдвэрлэлийн менежмент гэсэн гурван ангид дээрх 29 оюутан сурч төгсчээ. 

“Магистрын хичээл долоо хоногт хоёр удаа хичээллэдэг. Бүх мэргэжлийн багш хамтран ажиллагч сургуулиас ирж, өөрийн биеэр хичээлээ заадгаараа онцлог. Хугацаа богино мэт боловч маш чанартай сургалт явагддаг. Бид анхны төгсөгчдөө амжилттай төгсгөлөө. Энэ онд санхүү болон төрийн захиргааны менежментийн ангидаа элсэлт авч байгаа. Анхны 29 төгсөгч бүгд орон нутагтаа ажилладаг. Тиймээс ажил, амьдралаа хаялгүйгээр орон нутагтаа магистрын боловсрол эзэмшиж байгаа нь маш том давуу тал юм. Оюутнууд ч үүнд сэтгэл хангалуун байгаа” гэж орон нутаг хариуцсан багш Б.Болортуяа хэллээ.

“Би Сүхбаатар аймагт ирж ажиллаж амьдраад гурван жил болж байна. Нягтлан бодогч мэргэжилтэй, одоо төрийн байгууллагад ажилладаг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажилтай, хоёр охин маань бага учир ийш тийш явж сурах боломж байдаггүй. Харин өнгөрсөн жил энэ магистрын сургалт орон нутагт явагдах гэж байгааг сонсоод шууд бүртгүүлсэн. Ажлаа хийхийн хажуугаар, хичээлдээ суугаад өнөөдөр амжилттай төгслөө. Залуу боловсон хүчнээ дэмжин, орон нутагтаа боловсролоо дээшлүүлэх боломж олгосон хүмүүстээ маш их баярлалаа. Энэ ажил цаашид байнга үргэлжлээсэй гэж хүсч байна. Учир нь яг над шиг боловсролоо дээшлүүлэх хүсэл сонирхолтой ч ажил амьдралаасаа болоод явж чаддагүй, цаг зав олддоггүй залуус их байгаа шүү дээ.” хэмээн төгсөгч Б.Чулуунбат  ярилаа. 

Холбоотой мэдээ