Цагдаагийн байгууллагаас ХСИС-ийн сонсогчдод талархал гардуулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-08 09:23:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хүч нэмэн ажилласан ХСИС-ийн сонсогчдод ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж талархал гардуулав.

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед манлайлан ажилласан сонсогч Л.Лувсандондог, Ц.Бат-Очир, О.Батзориг, Б.Хулан, Б.Цэндсүрэн, М.Марал-Эрдэнэ, Б.Мөнгөнболор нарт “Баярын бичиг” мөнгөн шагнал олгов.



Нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн 700 сонсогч, өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас энэ сарын 01-ний хооронд үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан.

Эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурчээ. Тодруулбал, гэмт хэргийн дуудлага 54 хувиар, зөрчлийн дуудлага 26 хувиар буурсан. Үүнээс дээрэмдэх 53 хувь, хулгайлах 73 хувь, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 50 хувь, гэр бүлийн хүчирхийлэл 88 хувь, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 65 хувиар тус тус буурсан байна.


Холбоотой мэдээ