Сайжруулсан түлш нийлүүлэх ажлын хэсгийг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-07 16:05:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрий хуралдаанаар Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулан байгуулж бүрэлдэхүүнд холбогдох албаны төлөөллүүд болон ТББ-ынхан орж ажиллахаар боллоо.

Ажлын хэсэг байгуулсантай холбоотойгоор тэргүүлэгчид санал бодлоо хэллээ. Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Сайжруулсан түлшийг иргэдэд түлхүү нийлүүлж, үр дүнг олон нийтэд таниулах хэрэгтэй байна. Мөн үнийг нь тодорхой болгож, худалдаалах цэгүүдээ оновчтой тодорхойлох ёстой” гэсэн бол Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Сайжруулсан түлшнээс худалдан авч, сонгогдсон тойргуудад туршилт хийлгэхэд иргэд үр дүнтэй байна, худалдаанд түлхүү гаргаач гэсэн санал ирүүлж байна” гэв. Харин Тэргүүлэгч Ц.Байгалмаа “Сайжруулсан түлшийг өнгөрсөн зун туршихад утаа хаялт нь бага ч асахдаа хүндрэлтэй байсан. Үүнд анхаарч, тодорхой хэсэгт нүдэнд харагдахуйц туршилт хийе. Үүний хажуугаар сууцны дулаан алдалтыг багасгах талаар дээр, дооргүй анхаарах хэрэгтэй байна” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулахад холбогдох бүх албаны анхаарал, санаачилгаас гадна иргэн бүрийн оролцооноос хамаарах чухал ажил юм. Тиймээс харилцан ойлголцож, хамтарч ажиллаж чадвал агаарын бохирдол буурна.

Ажлын хэсгийнхэн сайжруулсан түлшний үнэ, түгээлт, борлуулах цэгийн мэдээллийг иргэдэд хүргэж, хэрэглэх заавар өгөх хэрэгтэй.

Хадгалах агуулах, түгээх цэгүүд хаана байх, одоо түлш худалдаж буй хүмүүсийг үүнд хэрхэн татан оролцуулах, мөн үүнийг дагаад ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Түлш иргэдийн худалдан авах чадамжид нийцсэн үнэтэй байхад анхаарч, хэрэглээнд нь хяналт тавих, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөтэй ажлаа уялдуулж, агаарын чанарын хяналтын байцаагч нарыг үйл ажиллагаанд татан оролцуулах нь зөв. Эцэст нь, лабораторийн шинжилгээний хариу эргэлзээтэй, эсэхийг тодруулж, иргэдэд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хадгалахаас илүүтэй түгээж, айл өрхүүдийг сайжруулсан түлш хэрэглэхэд хэвшүүлэх нь чухал. Ажлын хэсгийнхэн 14 хоног тутам үйл ажиллагаагаа дүгнэх хэрэгтэй” гэсэн юм.

Холбоотой мэдээ