Айл өрхүүдийг усанд автахаас сэргийлж далан босгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-07 14:38:38

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн нийт нутгаар өнгөрсөн оны 11,12 дугаар сард цаг агаар  тогтуун дулаан байсан юм. Гэвч сүүлийн  үед  эрс хүйтэрч  Буянт  голын  эхэн хэсэг  буюу  Бугат  үзүүр чиглэлд  голын ус их  хэмжээгээр  тэлж,  хачир гүйж, ойролцоох айлууд усанд автах эрсдэлтэй болоод байна. 

Үүнтэй  холбоотой аймгийн Онцгой комисс энэ сарын 06-ны өдөр хуралдаж, Жаргалант сумын нутаг дэвсгэр буюу  Төв цэнгэлдэх  хүрээлэн, Цамбагарав  багийн ойн бүс,  Рашаант  багийн айл өрхүүдийг усанд  автах  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх  ажлыг  үе шаттай  зохион байгуулах  тухай  хэлэлцэж, шуурхай арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг усанд автахаас урьдчилан сэргийлэх зорилгоор далан босгох, хамгаалалт  хийх ажлыг  Жаргалант  сумын ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги  хамтарч гүйцэтгэхээр шийдвэрлэв. Энэ ажил  өнөөдөр эхэлж,  Буянт  голын  эхэн хэсэг  буюу  Бугат  үзүүр орчимд 4 удаагийн тэсэлгээ хийж,  голын  усыг боох арга хэмжээ авч ажиллалаа. Одоогийн байдлаар айл өрхүүд усанд автаагүй байгаа бөгөөд  цаашид  голын  ус их  хэмжээгээр тэлж, хачир гүйх нь нэмэгдсэн тохиолдолд далан босгох ажлыг шуурхай зохион байгуулж, холбогдох төсөв санхүүгийн асуудлыг  Жаргалант  сумын ЗДТГ-аас  хариуцна гэж  аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.    

2019 оны  эхний  7 хоногийн байдлаар  Буянт  голын мөсний зузаан 45 см байгаа бөгөөд  цаашид  голын мөс  улам  зузаарч  бэхжих  хандлагатай байна.  Гэвч одоогийн байдлаар  мөсний даац  нь  хүн, мал амьтан, автомашин  явахад аюулгүй  хэмжээнд  хүрч бэхжээгүй, цөмрөх аюултай  байгаа тул  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах,  авто тээвэр хийхгүй байхыг  анхаарууллаа.

Н.Лхагва


Холбоотой мэдээ