Дөргөн сумынхөн өнтэй өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-07 14:11:25

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг  сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, иргэдийн санал хүсэлтийг  сонсох, аймгийн  нийгэм, эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулах зорилгоор энэ сарын 05-11-нд Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Цэцэг  сумдад ажиллаж байна. 

Ажлын хэсгийн 2019 оны орон нутгийн анхны  томилолт  Дөргөн сумаас  эхэлж,  тус сумын Агваш багийн нутаг “Улаан толгой“ гэх газар өвөлжиж буй малчин Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Малчин Б.Бат-Эрдэнийх 1300 гаруй толгой малтай. Өнгөрсөн жилтэй харьцуулахад  тус суманд өвөлжилт өнтэй сайхан  байгаа бөгөөд малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан учир өвөл, хаврын улирлыг  ажрахгүй давах  боломжтой  хэмээн  ярив.  

2018 оны жилийн эцсийн мал  тооллогын урьдчилсан дүнгээр  Ховд аймгийн мал сүрэг  өмнөх оныхоос  300 гаруй мянган толгойгоор  буурсан. Дөргөн сумын хувьд ч  малын тоо толгой 34 мянган  толгойгоор буурчээ. Харин тэмээн сүрэг 80 гаруй толгойгоор өссөн байна. Дөргөн сумын малчид нуурын хулс, зэгс бараадан өвөл, хаврын  хүнд цаг үеийг даван туулдаг бөгөөд  зэргэлдээ аймаг, сумдын зарим малчдыг ч мөн нутагтаа өвөлжүүлж байна. Тухайлбал, Увс аймгийн 3 сумын 10 гаруй малчин өрх тус сумын нутагт өвөлжиж байна. Цаг хүндэрч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, сумын аюулгүйн нөөцөд зохих хэмжээний өвс, тэжээл, хадлан бэлтгэж авсан гэж сумын удирдлагууд онцлон хэллээ.


Мөн ажлын хэсгийнхэн Дөргөн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт  хийлээ. Уулзалтад 160 гаруй иргэд оролцож, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр  аймгийн Засаг дарга өнгөрсөн 2018 онд нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлууд, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцуулж, 2019 оны зорилго, зорилт, шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд  мэдээлэл хийлээ. 

Иргэд аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг  сануулж, ажлын амжилт  хүсэв. Энэхүү уулзалтын төгсгөлд “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан тус сумын ИТХ-ын дарга н.Базаррагчаа, иргэн н.Дондогдорж, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан багш н.Цэцэгмаа, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан н.Даваажав, н.Ургамал, н.Бадамзол, н.Дулам нарын шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн 65-аас дээш настай 30 гаруй ахмадад аймгийн  Засаг дарга  хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг  гардуулсан юм.


Н.Лхагва


Холбоотой мэдээ