“Цусны донорын үндэсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-03 14:47:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Цус сэлбэлт судлалын үндэсний төв  /ЦССҮТ/-өөс цусны донорын эгнээг өргөжүүлэх,тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг “Цусны донорын үндэсний өдөр” болгосон бөгөөд өнөөдөр 4 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус төвөөс 2015 оны 4 дүгээр сараас эхлэн Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурын байгууллагуудтай хамтран нийт 45 удаа зохион байгуулж ирсэн. Энэхүү өдрийн хүрээнд эрхэм хүндэт доноруудаа шагнаж, алдаршуулав.

“Бахархал 10” тэмдгээр С.Хенри, “Бахархал 20” тэмдгээр Т.Эрдэмбаяр, “Бахархал 30” тэмдгээр Н.Мөнхбат, Б.Буянтогтох, Н.Баасанбат, “Бахархал 40” тэмдгээр Д.Энхбаяр, “Бахархал 50” тэмдгээр Б.Мөнх-Эрдэнэ” нарыг тус тус шагнасан болсон бол 100 -аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Д.Долгормаа МУЗН-ийн “Энэрэлт алт”, М.Дэлгэр МУЗН-ийн “Нигүүлсэл" мөнгө, С.Соддэлгэр “Шилдэг залуу" алтан медаль тус тус хүртлээ. Мөн "Хүрэл донор"-оор Ц.Цэрэнпүрэв, "Мөнгөн донор"-оор Б.Наранзул, Х.Төмөрсүх нарыг шагнаж алдаршуулав.


ЦССҮТ нь 2009 оноос JCI Капитал байгууллагатай сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр 10 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд байнгын донорын тоог нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны донорыг алдаршуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Амьдрал бэлэглэе” төслийн 10 жилийн ойг тэмдэглэх, олон нийтийн зөвлөл байгуулах, цусны доноруудын сүлд дуутай болох, тэмдэглэлт баяруудад зориулсан лого бий болгох, “Бахархалын тэмдэг” нийлүүлэх, сурталчилгааны шторк, Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, доноруудыг алдаршуулах, урамшуулах, чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэ өдөр зочид төлөөлөгчид, хүндэт донорууд болон АШУҮИС-ийн 570 гаруй оюутан тус төвийн үйл ажиллагаа, шинэ техник, технологиудтай танилцсан юм.

Холбоотой мэдээ