Хотын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-аас
өнгөрсөн онд Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амьдралын орчин
нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг санаачлан хийснээ тоймлон хүргэж
байна.
Газартай
холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа
Сүүлийн 28 жилийн турш иргэдийг бухимдуулж, хотын хөгжилд тушаа болж байсан газрын харилцаа, зохион байгуулалт, олголттой холбоотой санал хүсэлт, өргөлдөл гомдлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ажлын хэсэг иргэд, хуулийн этгээдээс хүлээн авч, судалсан. Цаашид НИТХ-аас газрын харилцаатай холбоотой бодлогын баримт бичиг гаргах иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдын саналыг сонсож үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чиглэлээр анх удаа "Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нэг талбайг хоёр хүнд давхардуулан олгосон, олон жил эзэмшиж байсан газраа бусдад алдсан, шүүхийн маргаантай зэрэг зөрчлүүд хотод амьдарч буй иргэдэд түгээмэл тохиолдох асуудал болсон. Хэлэлцүүлгийн хүрээнд нийтдээ 600 гаруй өргөдөл, гомдол ирүүлснээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн байгуулсан ажлын хэсэг судлан, холбогдох агентлагуудад чиглэл өгч шийдвэрлүүлэв. Нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэх чиглэлээр Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол, шийдвэр гаргаж, нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа агентлагуудад үүрэг өгөөд ажиллаж байна.
Зуун айл дахь барилгын материалын захыг нүүлгэж эхлэв
Суурьшлын бүс, тэр дундаа нийлэлийн Төв талбайгаас нэг км
гаруйн цаана барилгын материал үйлдвэрлэж, худалддаг улс манайхаас өөр байхгүй.
Сүхбаатар дүүргийн нутаг, Зуун айл орчимд барилгын материалын худалдаа,
үйлдвэрлэл олон жил эрхэлж байгаагаас тухайн орчим хөрс ихээр бохирдож, тэнд
байрлах төрийн болон эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулахад
хүндрэлтэй нөхцөл үүсэж, оршин суугчдын эрхийг ноцтой зөрчиж буй. Мөн замын хөдөлгөөний
зохиомол ачаалал үүсэж, Баянбүрдийн тойргоос Сансарын ШТС хүртэл замын хөдөлгөөн
удаашралтай байдаг болсон. Тиймээс НИТХ-аас Зуун айл нь барилгын захыг нүүлгэх
шийдвэр гаргаж, тухайн орчмын замын хөдөлгөөний ачаалал, орчны бохирдол, ил
задгай худалдаа эрхлэх үйл явцыг зогсоох чиглэлээр НИТХ-аас байгуулсан ажлын хэсэг
газар дээр нь удаа дараа ажилласан юм. Өдгөө 20 гаруй үйлдвэрийг нүүлгэж,
нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна. Ингэхдээ иргэдийг ажилгүй, орлогогүй
болгохгүйн тулд үйлдвэрүүдэд хотын захад, зөвшөөрөгдсөн талбайд газар олгосон
юм. Ирэх хавраас Зуун айл орчмын авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлнэ.
Тус ажилд шаардлагатай санхүүжилтийг төсөв суулгаад байна.
Барилгын
материалын үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг татлаа
Зуун айл дахь барилгын захыг Налайх дүүргийн нутаг дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ. Иргэд, ААН-үүдэд таатай орчин бүрдүүлэхийн тулд НИТХ-аас инженерийн дэд бүтцийг нь шийдэж байна. Тодруулбал, паркын цахилгааны эх үүсвэрийг нь шийдсэн бөгөөд өдгөө авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Тус авто зам хүнд даацынх бөгөөд дөрвөн эгнээ байх юм. Дашрамд, тус авто зам зөвхөн паркид хүрээд зогсохгүй Налайхын Городок тосгон хүртэл тавих юм. Ингэснээр зүүн аймгуудыг холбосон авто замын сүлжээ сайжирч, Налайх дүүрэгт тээвэр, ложистикийн төв бий болох юм.
Баянзүрхийн
товчоог нүүлгэж, Чойрын авто замыг өргөтгөн шинэчлэхээр болов
НИТХ-ын даргын санаачлагаар Баянзүрх дүүргийн авто замын
шалган нэвтрүүлэх товчоог буулгаж, Тэрэлж болон Чойрын авто зам руу шилжүүлэв.
Ийнхүү суурьшлын бүс доторх товчоог нүүлгэн шилжүүлснээр тухайн орчны иргэдийн
эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг
хангаад байна. Мөн тус товчооноос Налайх хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж,
шинэчлэхээр холбогдох ажлыг эхлүүлээд байна. Налайх чиглэлийн авто зам нөхөөс
ихтэй, аюулгүй байдлыг хангаагүй тул зам, тээврийн осол олон гардаг. Тэгвэл тус
замыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцэхүйц иж бүрэн тохижилттой болгохоор
зураг төслийг нь бэлэн болголоо. Гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ус
зайлуулах шуудуутай байхаас гадна ногоон байгууламж хийх онцлогтой.
Замын
хөдөлгөөний ачааллыг бууруулахаар цогц арга хэмжээ авч байна
НИТХ-ын Тэргүүлэгчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах
зорилгоор 70-р тогтоолыг өнгөрсөн оны тавдугаар сард гаргасан. Тогтоолд
тусгасны дагуу зарим хэсгийн авто замын ашиглалтыг сайжруулж, хөдөлгөөний чигт
өөрчлөлт оруулснаар ачаалал 20 орчим хувиар буураад буй. Тодруулбал, зарим
замын ашиглахгүй байгаа эгнээг автозогсоол болгож, бусад зогсоолын менежментийг
сайжруулсан юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж,
Энхтайваны өргөн чөлөөн дэх авто замын нэгдүгээр эгнээнд олон нийтийн цагдааг
ажиллуулснаар автобус нэг буудлаас нөгөөд хүрэх хугацаа нэг дахин буурав. 70-р
тогтоолын хэрэгжилтийн явцын тайлан мэдээллийг сар тутам сонсож, замын хөдөлгөөний
ачааллыг бууруулахад эрдэмтэн судлаач, иргэдийн саналыг тусгахаар 10-р сард
улсын хэмжээнд анх удаа "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой
шийдлүүд" зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөмж гаргасан юм. Зөвлөгөөний үеэр
иргэд, оршин суугчид нийтийн тээврийн салбарын алдаа, оноог хэлж, холбогдох
албаныхан түүний мөрөөр арга хэмжээ авч эхэлсэн. Дээрх арга хэмжээнүүдийг
хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний ачаалал 20 орчим хувиар буурч, зам, тээврийн
ослын тоо буурч байгааг
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Махны
үйлдвэрүүдийг шалгав
Нийслэлийн иргэд, оршин суугчдаас "Хот орчмыг тойрон үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэх үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна" гэх гомдлыг НИТХ-д цөөнгүй ирүүлсний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлыг газар зэрэг холбогдох албаны төлөөллөөс ажлын хэсэг гаргаж, хотын захаар үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдийг шалгуулав. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буйгаас авахуулаад ажлын хэсгийнхэн цөөнгүй зөрчил илрүүлсэн юм. Ингээд эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, шалгалтыг үргэлжлүүлж байна.
Хот
төлөвлөлтийг нэгдсэн бодлоготой болгох эхлэлийг
тавилаа
Улаанбаатар хотод үүсээд буй бэрхшээл, тулгамдаж буй
асуудлууд хот төлөвлөлтийн нэгдсэн бодлогогүйн улмаас үүдэлтэй гэж иргэд,
эрдэмтэн судлаачид үзэж буй. Тухайлбал, инженерийн дэд бүтэц, авто замын
хүртээмжгүй байдал нь газрыг төлөвлөлтгүй олгосноос үүдэлтэй гэж үзэж буйгаа
хэлсэн. Хот төлөвлөлтийн гажуудлыг засахын тулд төрийн байгууллагуудын
хоорондын ажлын уялдааг сайжруулж, нэгдсэн бодлоготой болгох шаардлагатайг НИТХ-ын
дарга С.Амарсайхан онцлоод, Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулах ажлыг
эхлүүлээд байна. Энд эрдэмтэн,
судлаачид, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг ажиллах юм. Ингэснээр бодит
судалгаанд үндэслэн хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх боломж
бүрдэнэ гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс
мэдээллээ.