АНУ Ази-Номхон далайн бүс рүү бөмбөгдөгч онгоцууд илгээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-10 15:36:07

ВАШИНГТОН. /NHK/. Ази-Номхон далайн бүс нутаг руу гурван “B-2” үл үзэгдэгч бөмбөгдөгч онгоцоо илгээсэн гэж АНУ мэдэгдэв.

Миссури муж улсын “Whiteman” агаарын цэргийн хүчний баазаас бөмбөгдөгч онгоцнуудыг илгээсэн байна гэж АНУ-ын Номхон далайн агаарын цэргийн хүчин өчигдөр мэдэгджээ.

АНУ “B-2” бөмбөгдөгч онгоцоо тогтмол Ази-Номхон далайн бүс нутаг руу илгээдэг билээ. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард Гуам арал руу илгээсэн байна.

Энэтхэг-Ази-Номхон далайн бүс нутгийг тогтвортой, найдвартай агаарын хүчнээр хангах хэрэгтэй байгааг сүүлийн үеийн олон улсын байдал харуулж байна гэж Номхон далайн агаарын цэргийн хүчний командлагч, генерал Лори Робинсон мэдэгджээ.

БНХАУ болон Умард Солонгосын үйл ажиллагаанд Зэвсэгт хүчнээ хариу арга хэмжээ авах чадавхтайг харуулах зорилгоор АНУ бөмбөгдөгч онгоцуудаа Ази-Номхон далай руу илгээлээ гэж шинжээчид үзэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ