Stratfor: Өмнөд Ази 2019 онд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-12-31 15:08:24

Геополитикт нөлөөлж болох бүхий л хүчин зүйлүүд Өмнөд Азид бий болжээ. Хүн ам зүйн түвэгтэй нөхцөл байдал, газар орнуудын ялгаатай байдал, хил орчмын маргаантай газар нутаг гэх мэт. Гималайн уулс нь Өмнөд Азийн хойд хил хязгаар болдог бол Инд, Ганга мөрнүүд хүн ам асар олноороо суурьшсан хотуудыг усаар хангана. Энэтхэг бол эдийн засгийн хөгжлийн хурдацаар дэлхийд тэргүүлж буй бүс нутгийн хамгийн хүчирхэг гүрэн юм. Гэтэл тус улс цөмийн зэвсэг бүхий хөрш Пакистантай дайсагналцаж байгаагийн улмаас Өмнөд Азийн бүс нутаг цөмийн мөргөлдөөн дэгдэж болзошгүй халуун цэг болон хувирчээ. Дайнч бодлого ба милитарист үзэл нь эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болох интеграцийн үйл явцад саад болдог гэдгийг энэ бүс нутгийн нөхцөл байдал тодорхой харуулж байна.    


2019 ОНЫ ГОЛ ХАНДЛАГУУД


Энэтхэг улс АНУ ба ОХУ-ын хооронд тэнцвэрийг барина


Хэдийгээр худалдаа, хоригийн асуудлуудаар хоорондоо зөрчилддөг боловч Энэтхэг улс болгоомжилсон байдлаар АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлсээр байна. Хоёулаа Хятадад дайсагнан ханддаг учраас Энэтхэг-АНУ-ын түншлэл нь харилцан ашигтай байгаа юм. Үүний сацуу стратегийн хувьд бие даасан байдлаа аль болохоор хадгалахын тулд Энэтхэг улс Оростой харилцаагаа бэхжүүлж, Оросоос зэвсэг худалдан авсаар байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд Ерөнхий сайд Нарендра Моди АНУ болон ОХУ-ын зэвсэг нийлүүлэгчдээс шинэ технологи олж авахад онцгой анхаарал хандуулах болно. АНУ-ын зүгээс сүүн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмжинд ногдуулж буй татвараа бууруулахыг уриалж байгаа боловч энэтхэгчүүд үүнийг нь хүлээн авахгүй бөгөөд “Энэтхэгт үйлдвэрлэв” гэдэг уриа бүхий кампанит ажлын хүрээнд Моди дотоодын ажлын байруудаа хамгаална.


Энэтхэг улсын Хятад ба Пакистантай харилцах харилцаа


2019 онд Энэтхэг-Хятадын харилцаан дахь түгшүүртэй байдал хэвээр хадгалагдана. Моди сонгуульд ялахыг хүсч байгаа учраас Бээжинг өдөөн хатгах алхам хийхгүй. Гэхдээ Модигийн байр суурийг ажвал, хил орчмын маргаантай газар нутагт мөргөлдөөн болохгүй гэх газаргүй. Гэсэн хэдий  ч талууд Докламын хөндийд мөргөлдөөн дэгдэх хүртэл хэмжээнд байдлыг хурцатгахгүй.


5 дугаар сард Энэтхэгт сонгууль болсноор 2016 онд мухардалд орсон Энэтхэг-Пакистаны хэлэлцээг сэргээх боломж гарч ирнэ. Пакистаны хувьд, түгшүүртэй байдлыг хянаж болох түвшинд хүртэл намжаахыг хүсч байгаа бөгөөд учир нь, тус улсын арми тайван бус байгаа Афганистантай залгаа хилээ хамгаалах үүргийг хүлээгээд байгаа бол Ерөнхий сайд Имран Ханы тэргүүлсэн засгийн газар Шинэ Делитэй худалдааны хэлэлцээ хийх боломжийг эрэлхийлж байгаа юм.


Энэтхэгийн далай дахь тэмцэл


Тактикийн хувьд, энэтхэгчүүд Хятадтай харилцах харилцаан дахь түгшүүртэй байдлыг намжааж чадах бол цэргийн баазууд байгуулах, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх, батлан хамгаалахын салбарт түншлэлээ өргөжүүлэхийн төлөө Бээжинтэй явуулах стратегийн өрсөлдөөн Энэтхэгийн далайд өрнөнө. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байр сууриа бэхжүүлэхийн тулд энэтхэгчүүд АНУ төдийгүй Япон, Австралитай харилцаагаа өргөжүүлнэ. Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжиж буй Бутан, Мальдив, Бангладешт шинэ засгийн газрууд байгуулагдсанаар Энэтхэг улс дээрх орнуудтай хамтын ажиллагаагаа сэргээх нөхцөл бүрдэнэ. 


Энэтхэгийн сонгууль анхаарлын төвд


Н.Моди ба түүний Энэтхэгийн Ардын намыг /Бхаратия жаната нам/ засгийн эрхэнд дахин гаргахгүйн тулд сөрөг хүчнийхэн нэгдэнэ. Мужуудад болох парламентын сонгуулийн өмнө Моди давамгай байдалтай байгаа боловч 2014 оныхтой адил хүчтэй олонхийг бүрдүүлж чадахгүй. Учир нь, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, ажилгүйдлийн улмаас сонгогчдын дунд дургүйцэл бий болоод байгаа юм. Энэтхэгийн Ардын нам сонгуулийн өмнө Энэтхэгийн үндэсний үзлийг гол уриа болгон дэвшүүлнэ. Энэ үед долларын ханш чангарч, рупигийн ханш суларснаар инфляцийн аюул нөмрөх учраас Энэтхэгийн Нөөцийн банк мөнгө-зээлийн бодлогоо улам чангатгана. Энэ нь засгийн газар ба Төв банкны хооронд зөрчил үүсэх гол шалтгаан болно.


Сонгуулийн дараа Энэтхэгийн засгийн газар хөдөлмөрийн хууль тогтоомжид бага зэргийн шинэчлэл хийх гэж оролдох боловч сөрөг хүчнийхэн үүнийг нь тасалдуулахын тулд бүхий л боломжийг ашиглана. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлаарх маш чухал хууль батлагдахгүй гэсэн үг.


Нөгөөтэйгүүр, сонгууль хүртэлх хугацаанд Энэтхэг улс Бүх нийтийг хамарсан бүс нутгийн түншлэлийн гэрээг батлахгүй хойшлуулсаар байх болно. Гэрээнд оролцогч 16 улсын 10-тай нь хийж буй худалдаанаас, ялангуяа Хятадтай хийж буй худалдаанаас Энэтхэг улс алдагдал хүлээж байгаа юм. Ийм учраас Хятадын импортын бараанаас үйлдвэрлэлээ хамгаалахын тулд хятадуудаар буулт хийлгэж чадах уу гэдгээс дээрх гэрээг байгуулах эсэх нь хамаарна. Энэтхэг улс мэдээллийн технологийн салбарын үйлчилгээний зах зээлээ тэлэхийг оролдох ба энэ нь тус улсын хувьд худалдааны бодлогынх нь гол чиглэл байх болно.   


Афганистан дахь АНУ-ын статус-кво


Афганистанд явуулж буй стратегийн бодлогоо төдийлөн сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа хэдий ч АНУ уг бодлогоо үргэлжлүүлэн явуулж, талибуудад шахалт үзүүлэхийн тулд цэрэг, дипломатын арга хэрэгслүүдийг хослуулан хэрэглэж, Талибан хөдөлгөөнийг хэлэлцээний ширээний ард суулгахыг Пакистанд ятгана. Америкийн шахалтын улмаас Исламабад бүс нутгийн талаарх гадаад бодлогынхоо чиг баримжааг өөрчилж, аюулгүй байдлын салбарт ОХУ болон Ирантай түншлэлээ бэхжүүлэхийг эрмэлзэнэ. “Лалын улс”-ын зүгээс учирч буй аюул занал гэх шалтгаанд үндэслэн Пакистан, Орос, Иран гурав түншлэлээ бэхжүүлнэ.


АНУ-ын хувьд, Пакистанд зөөлөн байдлаар шахалт үзүүлэх арга хэрэгслүүд нь үндсэндээ шавхагдсан учраас илүү хатуу арга хэмжээ авч, Пакистан бол “НАТО-гийн бус гол холбоотон” гэсэн статусыг нь цуцалж ч магадгүй. Талибуудын зүгээс хэлэлцээ хийх гэсэн эрмэлзлээ илүү нухацтай илэрхийлэх боловч цэргийнхээ тоог хорогдуулах үүргийг НАТО-гийн эвсэл хүлээсэн тохиолдолд л хэлэлцээ эхлэх болно. Афганистаны арми улс орныхоо аюулгүй байдлыг хангаж чадахуйц хүчтэй биш байгаа учраас ирэх онд хэлэлцээ болох магадлал маш бага. 


Пакистаны худалдааны алдагдал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт удааширна


Эдийн засгаа бэхжүүлэхийн тулд Пакистаны Ерөнхий сайд Имран Хан хатуу хэмнэлтийн арга хэмжээ авч байгаа учраас эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдэл нэмэгдэнэ. Энэ үед засгийн газар нь амжилттай ажиллаж байгаа гэдгийг харуулахын тулд тэрбээр авлигатай хийх тэмцэлд гол анхаарлаа чиглүүлнэ. Тэрбээр Хятадад хандан, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд хөдөө аж ахуйн төслүүдэд анхаарлаа хандуулахыг хүсэхийн сацуу Пакистанд хөрөнгө оруулахыг гуравдагч орнуудад уриална.  


Улс төрийн талбарт Ерөнхий сайд Хан цэргийнхэнтэй сөргөлдөхөөс зайлсхийх ба ингэснээр гадаад бодлогод армийн дээд тушаалтнуудын нөлөө хэвээр хадгалагдах болно. Хэрвээ Ерөнхий сайд армийг захирах гэж оролдох аваас цэргийнхэн парламентад “улс төрийн ажил хаялт” зохион байгуулж, Имран Ханы эвслийг задрахад хүргэж мэднэ. Эсвэл түүний засгийн газрын гишүүдийг авлигын хэрэгт холбогдуулан буруутгаж магадгүй.    


Бусад таамгууд


-Энэтхэг улс Энэтхэгийн далай дахь зам харилцаагаа хамгаалж, бүс нутаг дахь Хятадын цэргийн давамгайллыг зогсоохыг оролдоно.

-АНУ-тай тогтоосон цэргийн түншлэлээ бэхжүүлэх замаар Энэтхэг улс өөрийн стратегийн бие даасан байдлын тухай номлолоо мөрдөн хэрэгжүүлнэ. Энэ нь аливаа эвсэл холбоонд нэгдэхээс зайлсхийж, их гүрнүүдтэй харилцахдаа тэнцвэрийг барина гэсэн үг юм.

-Афганистан улс их гүрнүүдийн хамтын ажиллагаа ба өрсөлдөөний талбар болно. Учир нь, эдгээр гүрнүүд Афганистаныг “Лалын улс” бүлэглэлийн бааз болгохыг хүсэхгүй байгаа юм.


Чухал үйл явдлууд

1 дүгээр сар. Хямралын эсрэг тусламж олгох асуудлаар ОУВС ба Пакистаны хооронд хэлэлцээ хийнэ.

1 дүгээр сар. Шри-Ланк улсад ээлжит бус сонгууль болно.

4 дүгээр сарын 1. Энэтхэгт санхүүгийн жил эхэлнэ.

4 дүгээр сарын 20. Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль болно.

4-5 дугаар сар. Энэтхэгийн Андхра-Прадеш, Орисса, Сикким, Аруначал-Прадеш мужуудад парламентын сонгууль болно.

7 дугаар сарын 1. Пакистанд санхүүгийн жил эхэлнэ.

2019 оны зун. Тэнгисийн цэргийн хүчний “Малабар” сургуулилтад Энэтхэг, Япон, АНУ оролцоно.

12 дугаар сар. 2020 онд Шри-Ланк улсад болох Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлнэ.


Stratfor-ийн тухайд товчхон: Америкийн улс төр судлаач Жорж Фридманы 1996 онд үүсгэн байгуулсан Strategic Forecasting Inc буюу товчоор Stratfor бол тагнуул-дүн шинжилгээний чиглэлээр дагнан ажилладаг Америкийн хувийн компани юм.

Тус компанийг “сүүдрийн ТТГ” гэж нэрлэх нь ч бий. Stratfor-ийн ажилтнууд дэлхийн дахинд болж буй үйл явдлын талаарх мэдээллүүдийг цуглуулж, тэдгээрт эдийн засгийн болон геополитикийн дүн шинжилгээ хийдэг. Үүсгэн байгуулагч Ж.Фридман өнөөг хүртэл тус компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол Фред Бартон компанийн дэд ерөнхийлөгч юм. 


Орчуулсан: Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20181215/244231917.html

Холбоотой мэдээ