Хятадад баривчлагдан саатуулагдсан Канадын иргэн нутаг буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-29 11:55:15

ОТТАВА. /ТАСС/. Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн хэргээр Хятадад баривчлагдан саатуулагдсан Канадын иргэн Сара Макайвер нутаг буцжээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнийг телевизийн “CBC” суваг иш татан мэдээлсэн байна.


Канадын багш мэргэжилтэй эмэгтэй Макайверыг хууль бусаар хөдөлмөр эрхэлсэнтэй холбогдуулан баривчлан саатуулсан тухай өмнө нь Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэж байсан хэдий ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.


Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын Ванкувер хотод баривчлан саатуулсантай холбоотойгоор Хятад болон Канад улсын эрх баригчдын хооронд дипломат маргаан үүссэн юм. Мэн Ваньжоуг энэ сарын 11-нд батлан даалтаар сулласан. Хожим нь Хятадын эрх баригчид Канадын дипломатч асан Майкл Ковригийг баривчлан саатуулсан бөгөөд үүний дараа Канадын өөр нэг иргэн Майкл Спэйворыг саатуулснаа мэдэгдсэн юм. Тус хоёр иргэнийг Хятад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гаргасанд буруутгаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Канадын Гадаад хэргийн яам тэднийг даруй суллахыг шаарджээ.

Холбоотой мэдээ