Багшлах эрхийн шалгалтыг орон даяар онлайнаар авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-03-10 10:36:49

Багшлах эрх олгох шалгалтыг энэ  сарын 19-нд орон  даяар онлайнаар авахаар болжээ.

Шалгалтын бүртгэлийг 2 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 1-н хүртэл сарын хугацаанд явуулсан юм. Энэ хугацаанд бүртгүүлсэн багш нарын мэдээлэлд хяналт шалгалт хийж дууссан бөгөөд шалгалт авах байршлыг аймаг, дүүрэг бүрт бэлджээ. Харин хуваарийг энэ сарын 17-нд олон нийтэд зарлана.

Дашрамд дуулгахад, Энэ жилээс эхлэн “Багш”-лах эрхийн шалгалт авдаг болсон юм. Уг шалгалтад өнгөрсөн хавар багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид болон 3 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй, багшлах эрх нь цуцлагдсан хүмүүс хамрах аж.

Өнгөрөгч оны 8 дугаар сард Багшлах эрхийн шалгалтыг 10 хоногийн зайтай хоёр удаа авсан. Харин бүртгэлээс хоцорсон хүмүүс санал тавьсан учраас дахин нэг удаа энэ шалгалтыг авахаар болжээ. Шинэ журмаар цэцэрлэг, сургуульд багшаар ажилд орох гэж байгаа бол Багшлах эрхийн шалгалтад тэнцсэн байх ёстой.  Журмаараа бол жилд хоёр удаа шалгалт авах  ч 8 дугаар сард зохион байгуулсан шалгалтууд зуны амралтын үетэй давхцаад олон багш БСШУ-ны сайдын дэргэдэх зөвлөлд хандсан учраас Багшлах эрхийн шалгалтыг дахин нэгдүгээр улирлын хичээлийн амралтаар зохион байгуулахаар боллоо. 

Түрүүний шалгалтад тэнцээгүй болон бүртгэлээс хоцорсон багш нар дахин шалгалтад орох боломжтой. Шинээр багш мэргэжлээр төгссөн хүн бүрээс багшлах эрхийн шалгалт авахыг БСШУ-ны болон Хууль зүйн сайдын шийдвэрээр баталсан журмын дагуу явна. Өнгөрсөн хоёр удаагийн шалгалтын нийлбэр дүнгээр 5100 орчим багш шалгуулснаас 34 орчим хувь нь тэнцсэн. Энэ нь багш бэлтгэж буй сургуулиудад чанарын асуудал яригдаж буйг харуулж байна. Ямар багш ирээдүйг бэлтгэнэ гэдэг бол том хариуцлага хэмээн зохион байгуулагчид онцолж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ