Жүжигчин К.Спэйси кинонд бүтээсэн дүрээрээ хүмүүст хандан бичлэг хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-25 11:42:37

МОСКВА. /РИА Новости/Америкийн жүжигчин Кевин Спейси бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсанаасаа хойш анх удаа олон нийтэд хандан үг хэлжээ. “Хөзрийн байшин” цуврал кинонд бүтээсэн Фрэнк Андервудын дүрээрээ тэрбээр “Фрэнк байхыг минь зөвшөөрөөч” нэртэй бичлэгээ байршуулсан нь “YouTube” хуудаст нийтлэгджээ.  


“Би таны юу хүсч байгааг мэдэж байна. Тэд биднийг салгахыг оролдож байгаа хэдий ч биднийг холбож байгаа зүйл хэтэрхий бат бөх, хүчирхэг юм. Би танд хамгийн нандин нууцаа дэлгэсэн, хүмүүс ямар чадвартай байдгийг харуулсан, үнэнч шударга байдлаараа гайшхруулсан хэдий ч голдуу та бүхнийг сорьж, бодолд автуулсан. Итгэх хэрэггүй гэдгээ мэдэж байсан хэдий ч та надад итгэсэн” хэмээн тэрбээр уг дүрс бичлэгт ярьжээ.

 

Зарим хүн дуулиан шуугианд итгэж, түүнийг буруутгаж байгааг дэмжиж байгаа хэдий  ч үзэгчид түүнийг эргэн ирээсэй гэж хүсч байна гэдэгт тэрбээр итгэж байгаагаа илэрхийлсэн байна.


Америкийн жүжигчин Энтони Рэпп мэдэгдэл хийснээс хойш жүжигчин К.Спейсийг тойрсон дуулиан шуугиан дэгдэж эхэлжээ. Энтони Рэппийг мэдэгдсэнээр, өөрийг нь 14 настай байхад К.Спейси хүчирхийлэхийг завдсан гэжээ. К.Спейсийн хувьд иймэрхүү зүйл болсныг санахгүй байгаагаа мэдэгдэхийн сацуу жүжигчин залуу Энтони Рэппээс уучлалт гуйсан байна.


Хожим нь Мексикийн жүжигчин Роберто Кавазос мөн К.Спейсийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн өөр олон хүмүүс ийм нөхцөл байдалд орсноо мэдэгджээ. Одоогоор жүжигчин К.Спэйсийг хэдэн арван хүн бэлгийн хүчирхийлэлд буруутгаад байгаа аж.  



Холбоотой мэдээ