Боулингийн лигийн аварга, хаад тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-24 16:31:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боулинг сонирхогчдын холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулсан “Big bowling friendship-2018” тэмцээний финалын тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Big bowling” төвд амжилттай боллоо.


Энэ тэмцээн 8 сарын хугацаанд тасралтгүй үргэлжилсэн бөгөөд эрэгтэй 41, эмэгтэй 21 тамирчин оролцож, тэмцээний туршид баг болон тамирчин тус бүр 50 тоглолт хийж авсан онооныхоо дарааллаар эрэмбэлэгдэж, хэсэгт хуваагдаж шалгарсан нь халз тоглох зарчмаар өрсөлдсөөр өчигдөр ганцаарчилсан болон багийн төрлөөр аваргуудаа тодрууллаа. Лигийн аварга багаар Э.Харцага ахлагчтай Т.Долгормаа, Д.Отгонжаргал нарын баг тодорч, хоёрдугаар байранд Э.Золбоо ахлагчтай Т.Дорждэрэм, Б.Бат-Эрдэнэ нарын баг, гуравдугаар байранд А.Батжаргал ахлагчтай Л.Цэцэгсүрэн, Г.Шинэбаяр нарын баг орлоо.


Лигийн ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс Ц.Молор тэргүүлж, Э.Харцага, Б.Батхүү нар удааллаа. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар Ш.Мөнхжаргал тодорч, хоёрдугаар байрыг С.Дэлгэрцэцэг, гуравдугаар байрыг Д.Түмэнжаргал эзэлсэн. Лигийн 50 тоглолтын дунджаар хамгийн өндөр авсан эрэгтэй топ-5, эмэгтэй топ-3 тамирчныг өргөмжлөл, шагналаар урамшууллаа. Эрэгтэй топ-5 тамирчдыг Б.Оюунболд тэргүүлж, Ц.Молор, Ц.Лхаасүрэн, Х.Хишигбат, Ж.Содномдорж удаалсан бол, эмэгтэй топ тамирчдын жагсаалтыг Ш.Гэрлээ манлайлж, С.Хандаа, Б.Тамир нар хоёр, гуравдугаарт бичигджээ.


Өмнө нь жилийн эцэст “King of the bowling team” тэмцээн хийдэг байсан. Харин энэ жилийн хувьд лигийн аваргуудаа хааны титэм, нөмрөг, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, тоглолтын эрхээр шагналаа. Гадаадад олон улсын тэмцээн болон Азийн наадамд оролцсон тамирчид уг лигт олноор тоглосон. Мөн улсын зэрэг цолтой мастеруудыг залуу тамирчид нугалаан дээр хожсон тохиолдол олон гарсан нь боулингийн залуу үе хүч түрэн гарч байгааг харууллаа.

 

Холбоотой мэдээ