Суданчууд Засгийн газраа эсэргүүцэн жагсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-24 15:11:50

ХАРТОУМ. /Financial Express/. Бүгд Найрамдах Судан Улс даяар Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан өрнүүлж байгаа бөгөөд тэдний эсрэг цагдаагийн газрын ажилтнууд нулимс асгаруулах хий ашиглажээ.


Өнгөрсөн ням гарагт жагсагчид болон цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний хооронд мөргөлдөөн үүсэхийн өмнө жагсагчид нийслэл Хартоум хотын хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох замыг хаасан байна.


Холбогдох албаны төлөөлөгчийн мэдээлснээр, өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн жагсаал цуглааны улмаас амиа алдсан хүний тоо 22 хүрчээ. Засгийн газар талх болон шатахууны үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай олон нийтэд зарласнаас хойш үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаж эхэлжээ.


2017 онд Судан улсад зарим бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэж, инфляци 70 орчим хувь хүртэл өсөж, үндэсний мөнгөн тэмдэгт болох Судан фунтын ханш огцом унасан байна.


Хэсэг бүлэг эмч нарын хэлснээр, зарим эмч энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн ажил хаялт зарлахаар болжээ. 

Холбоотой мэдээ