Газар доорх хонгилуудыг устгах ажиллагааг эхлүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-21 10:34:39

БЕЙРУТ. /Xinhua/. Израилын хойд хилийн орчимд Ливаны “Хезболлах” хөдөлгөөний босогчдын ухсан газар доорх хонгилуудыг устгах ажиллагааг Израилын цэргийн хүчний албан хаагчид пүрэв гарагт эхлүүлсэн байна.


“Пүрэв гарагийн үдийн орчимд Рамя уулсын ойролцоох Ливан-Израилын хилийн ойролцоо маш хүчтэй дэлбэрэлт сонсогдсон” гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлжээ.


НҮБ-ын Ливан дахь Энхийг сахиулах ажиллагааны хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, хонгилуудыг дэлбэлэхээр төлөвлөж байгаа тухайгаа Израилын тал пүрэв гарагийн өглөө мэдэгдсэн байна. Энэ тухай Ливаны үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ.


Израилын хилийн ойролцоо амьдардаг олон оршин суугчдад хонгилуудын байршлаас хол байхыг анхааруулсан мэдээг утсаар өгчээ. Түүнчлэн хонгилыг устгах ажиллагаанд саад учруулж болзошгүй босогчдоос мөн сэрэмжлэхийг уриалсан байна.


Босогчдын ухсан хонгилыг илрүүлж, устгах “Умардын бамбай” ажиллагаа энэ сарын 4-нд  эхэлсэн ба үүний үр дүнд “Хезболлах” хөдөлгөөний дөрвөн хонгилыг хэдийнэ илрүүлээд байгаа ажээ.


2006 онд Израил болон Ливаны “Хезболлах” хөдөлгөөний хооронд нэг сарын турш өрнөсөн дайн гал зогсоох хэлэлцээрээр дуусгавар болсон билээ. 

Холбоотой мэдээ