Зөрчлийн оноо нь дууссан 2930 жолоочийн эрхийг хасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-20 16:42:38
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо хасчээ. Үүнээс оноо дуусч эрх түдгэлзсэн 2930 жолооч бүртгэлтэй байна. Дээрх тооны жолооч эрхээ хасуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин нэмэгдсэн талаар ТЦА-наас мэдээлэв.
Замын цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор жолоочийн зөрчилд хуулийн дагуу хариуцлага оноож, зөрчлийн оноог 1-5 хүртэл хасч тооцож байгаа билээ. Зөрчлийн оноо дууссан жолооч нар журамд заасны дагуу хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамарч зөрчлийн 10 оноог сэргээх боломжтой аж.
Зөрчлийн оноо сэргээх иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн онооны сургалтыг зохион байгуулах төрийн бус байгууллагуудад хандаж сургалтад суух юм. Түүнчлэн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг service.police.gov.mn сайтаар дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжтой. 
Холбоотой мэдээ