Архинд донтох эмгэгтэй 60 гаруй хүн хэвтэн эмчлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 22:13:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОЭТ-ийн Сэтгэц, наркологийн тасгаар 2018 оны эхний 11 сард архинд донтох эмгэгтэй 60 гаруй иргэн хэвтэн эмчлүүлжээ. Мөн өвөрмөц эмэн эмчилгээнд болон сэтгэл засал эмчилгээнд архинд донтох эмгэгтэй 100 гаруй хүн хамрагдсан байна.

Сэтгэц, наркологийн тасаг нь 2015 онд байгуулагдсан бөгөөд 2015-2018 оны хугацаанд архины хамаарал эмгэгтэй 345 өвчтөн хэвтэн эмчлүүлжээ. Архинд донтох өвчтэй болон архидан согтуурч байгаа иргэд 30-45 насныхан байна. Хөдөлмөрийн насны иргэд архины хамааралтай болж байгаа нь аймгийн хөгжил, дэвшилд сөрөг нөлөө үзүүлж, ажилгүйдэл, ядуурлын үндсэн шалтгаан болж байгааг албаныхан хэлж байв.

Архины шалтгаант эмгэг өөрчлөлттэй, архинд донтох өвчтэй буюу байнга хэтрүүлэн хэрэглэж удаа дараа эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо төдийлөн буурахгүй байгаа юм. Тиймээс  архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх, эмчлэгдсэн иргэнийг нийгэмшүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, эрчимжүүлж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Хууль, эрхзүйн хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ