Монгол болон шинэ Оросын нефтийн бодлого

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-09 12:41:34

ВАШИНГТОН. /Moderndiplomacy/. Монголын нийт өрийн 97 хувь буюу 172 сая долларын асуудлыг зохицуулах засгийн газар хоорондын хэлэлцээрт ОХУ энэ оны нэгдүгээр сард гарын үсэг зурсан билээ.

Хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудыг эдийн засгийн хувьд атганаасаа бага багаар алдаж байгаатай холбогдуулан Улаанбаатартай ойртох гэсэн Москвагийн алхмыг энэ хэлэлцээр харуулж байна. Үүний зэрэгцээ, Монгол Улс ОХУ-ын зах зээл болон тус улсын шатахууны үйлдвэрлэлд томоохон боломжийг санал болгож байна. Өр болон санхүүгийн арга хэрэгслээр дамжуулан улс орнуудыг өөртөө ойртуулж, улс төрийн буулт хийлгэх нь ОХУ-ын дипломат арга хэрэгслийн тулгуур юм.

Нефтийн зах зээл уналтад орсон нь ОХУ-ын эдийн засагт хүчтэй нөлөөлж, тус улсын ДНБ болон бүс нутгийн эдийн засгийн өсөлт буурсан билээ. Ингэснээр, хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсууд эдийн засгийн бодлогоо болон холбоотнуудаа эргэн харахад хүргэсэн билээ. Улс төр, эдийн засгийн хувьд ОХУ-тай холбоотой орнууд түүхий эдийн зах зээлийн уналт болон ОХУ-д авсан Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээнд ихээхэн өртсөн байна. ОХУ-ын эдийн засгийн өсөлт буурснаар тус улсын хамгийн ойрын холбоотон болох Казахстан, Киргизстан өөр орнуудаас эдийн засгийн боломжийг эрэлхийлэх болсон.

ОХУ-д төлөх өрийг зохицуулсан нь Монголын Засгийн газарт ашиг тусаа өгсөн. Монголын эдийн засгийн ажиллагаа муу байгаатай холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын Ерөнхий сайд итгэл үл үзүүлэх асуудалтай тулгарсан. Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай байсан нь дэлхийн эдийн засаг уналтад орсон 2009 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. Түүхий эдийн ханшийн уналт, гадаадын хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын худалдаа буурсан нь үүнд нөлөөлсөн байна. Гэвч “Гацуурт” ордыг ашиглах тухай хэлэлцээ шийдэгдэж, “Тавантолгой” ордтой холбоотой маргаан дууссан нь Монголд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх үзүүлэлт болсон юм.

"АНУ-тай олон улсын стратегийн зөрчилдөөн үүсгэхээс ЗХУ-ын дараах ОХУ зайлсхийж байгаа нь тодорхой. Ямар нэг үзэл суртлын хандлагагүйгээр олон улсын хүндлэлийг буцаан олж авах боломж ОХУ-д бий юу?" гэж олноо танигдсан профессор Анис Бажректаревикээс асуухад тэрбээр, “ОХУ-ын Нефть-байгалийн хийн бодлогыг сэргээх” нь энэ асуултын хариулт байж болох юм гэж хариулав.

Монголын өрийг цайруулсан нь тус улсыг төөрөгдүүлж, ОХУ-аас илүү их эрчим хүч импортлуулах гэсэн арга байж болох юм. 2014 онд Монгол Улс шатахууныхаа, тухайлбал, бензин, онгоцны түлш, дизелийнхээ 91 хувийг ОХУ-аас импортолсон байна.  Харин 2013 онд Монгол 1.03 тэрбум долларын боловсруулсан нефтийг ОХУ-аас импортолсон нь тус улсаас хийсэн нийт импортынх нь 67 хувийг эзэлж буй юм. 2011 онд Монгол шатахууныхаа 90 хувийг ОХУ-аас импортолсон байна. 2015 оны тавдугаар сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 2.8 хувиар буурчээ.

ОХУ-ын эсрэг хандлага гарч, харилцаа нь муудсан үед тус улс Украин руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоосонтой холбоотойгоор үүссэн ОХУ-ын улс төрийн тогтворгүй байдал, цохилтод Монголын эрчим хүчний хараат байдал улам бүр эмзэг болсон. Дотоодын нийлүүлэлт нь хомстож эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ  2011 оны дөрөвдүгээр сард Монгол руу дизель нийлүүлэхээ зогсоосны улмаас тус улсын уул уурхайн үйл ажиллагаа, ложистикийн зардал өссөн байна.

Эрчим хүчний хараат байдал нь Монголын уул уурхайн үйл ажиллагаа, дэд бүтцэд сөргөөр нөлөөлж байна. Тус улсын сайжруулсан дэд бүтцийг голдуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход ашиглана. Хяналт болон тусгаар тогтнолын тулгамдсан асуудлаас болж Монгол Улс “Гуравдагч хөршийн бодлого” явуулдаг.  БНХАУ болон ОХУ-ын төмөр зам тавих төслүүд нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тус хоёр улсаас илүү их хамааралтай болгоно гэж олон хүн эмээж байгаа бол эдгээр төмөр зам нь Монголыг БНХАУ-ын байгалийн баялгийг хадгалах арын хашаа болгож, үүгээр ч зогсохгүй хятадуудын Монгол руу хийж буй хүн амын шилжилт хөдөлгөөнийг дэмжих болно  гэж зарим нь үзэж байна.

Монгол Улс эрчим хүчний хэт хамаарлаас зайлсхийхийн тулд “Гуравдагч хөршийн бодлого”-оо өргөжүүлэх хэрэгтэй. Мөн монголчууд ардчилсан дэглэмээ ашиглаж, ЕХ болон Азийн орнууд, тухайлбал, Япон, Өмнөд Солонгосоос санхүүжилт авч, хамтран ажиллах хэрэгтэй. Монголын гуравдагч хөршүүд нь бүгд ардчилсан орнууд билээ. Монгол ашигт малтмал экспортлохоос гадна эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Тус бүс нутаг дахь оролцоогоо нэмэгдүүлж, Монгол-ОХУ-ын харилцааг өргөжүүлэхийн тулд ОХУ давуу талуудаа ашиглах төлөвтэй байна гэж АНУ-ын Засгийн газрын ажилтан Саманта Брлетич бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ