З.Нарантуяа: Монгол Улс 2019-2024 онд нийт 12 тэрбум ам.долларын гадаад өр төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. АН-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг нэн даруй шийдвэрлэх талаар МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлжээ.
Энэ талаар өнөөдөр тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж
нар мэдээлэл хийв.
Мэдээллийн эхэнд С.Эрдэнэ гишүүн, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн
нөхцөл байдал улам бүр доройтож байна. Гэвч эрх баригчид өнгөрсөн хугацаанд
нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дорвитой
ажил хийсэнгүй.Өнөөгийн эрх баригчдын ярьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр,
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Саарал усыг дахин
ашиглах асуудлууд өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй, зарим ажил нь
эхлээгүй байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч, гамшгийн
дохио хэд хэдэн удаа дуугарч байгаа энэ үед Нийслэлийн Засаг даргыг огцруулсан нь
цагаа олоогүй алхам байлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон
стандартаас 2-7 дахин их байгаа юм. Цус харвалт, зүрхний шигдээсээр нас
баралтын 29-36 хувь агаарын бохирдлоос үүдэлтэй байна. Нөгөөтэйгүүр ам.долларын
ханш 2600 давж, иргэдийн амьдралд хүндээр туссаар байна. МАН 2016 оноос хойш төрийн
эрхийг барихдаа Монгол Улсын гадаад өрийг 4 тэрбум ам.доллаар нэмж, 2017, 2018,
2019 оны төсвийг нийт 7 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. Тиймээс нам
доторх тэмцлээ зогсоож, Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаад буй
асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагыг өчигдөр буюу энэ сарын 12-нд МАН-ын
удирдлагуудад хүргүүлсэн” гэлээ.
Монгол Улс 2019-2024 онд нийт 12 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой юм. Тиймээс Засгийн газар, Монголбанк дээрх өрийг дарах хуримтлал бий болгох, гадаад валютын нөөцийг нэмэх арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байгааг З.Нарантуяа гишүүн шүүмжилсэн юм. Мөн Б.Пүрэворж гигүүн, “Гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь улс эх орны нийгэм, эдийн засагт ихээхэн сараг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Тажикистан улс БНХАУ-аас ДНБ-ийнхээ 50 хувийг давах хэмжээний зээл авч, улмаар түүнийгээ төлж чадалгүй газар нутгаасаа өгч байсан түүх бий. Өнөөдөр Монгол Улс БНХАУ-аас ДНБ-ийнхээ 33 хувьтай тэнцэхүйц хэмжээний зээл аваад байна. Тиймээс нэг улсаас хэт их зээл авахаа болих хэрэгтэй” хэмээв.