ОПЕК+: Олборлолтоо танах шийдвэр ба нефтийн үнийн 2019 оны төлөв

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-12-12 11:44:55

2019 оны эхний хагас жилд олборлолтоо хоногт 1,2 сая баррелиар бууруулна гэсэн тохиролцоонд хүрснээр ОПЕК-ийн гишүүн орнууд ба гишүүн бус орнуудын хэлэлцээ өнгөрсөн бямба гарагт дууслаа. Австрийн нийслэл Вена хотод 6-8-ны өдрүүдэд болсон ОПЕК+ бүтцэд багтдаг 24 улсын Эрчим хүчний сайд нарын ээлжит хуралдааны явцад ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо хоногт 800 мянган баррелиар /2,5 хувиар/, гишүүн бус орнууд 400 мянган баррелиар /2 хувиар/ танахаар тохиролцсон байна. Эдгээр бууруулах хувь хэмжээ бол 2018 оны 10 дугаар сарын олборлолтын түвшинтэй харьцуулсан тоонууд юм. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах болон түүнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг ирэх оны 4 дүгээр сард дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.  


Тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл цацагдсан даруйд нефтийн үнэ 4-5 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, ирэх оны 2 дугаар сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны үнэ 63,28 доллар/баррель, WTI маркийн нефтийн үнэ 53,74 доллар/баррельд хүрч өсчээ. Гэвч даваа гарагт эдгээр ханшууд 60,96 доллар, 51,66 доллар болж тус тус буурсан байна.


Уулзалт эхлэх үед ОПЕК-ийн орнууд дотроо нэлээд санал зөрөлдөөнтэй байлаа. Тухайн улс орон олборлолтоо яг хэдэн баррелиар танах вэ, энэ оны хэддүгээр сарын олборлолтыг харьцуулах суурь хэмжээ болгох вэ гэсэн хоёр асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байв.


Түүнээс гадна, ОХУ, Саудын Арави хоёр Иранд хандан “олборлолтоо бэлгэ тэмдгийн төдий бага хэмжээгээр бууруулахыг гуйсан” боловч иранчууд огт хүлээж авсангүй. АНУ-ын хориг үйлчилж байгаа нөхцөлд олборлолтыг бууруулах тохиролцоонд оролцохгүй гэдгээ Тегеран мэдэгдсээр байв. Гэтэл бодит байдал дээр, уг хориг арга хэмжээ нь өмнө нь зарлан мэдэгдэж байсныг бодвол илт зөөлөрч, хамгийн том худалдан авагчид болох Хятад, Энэтхэг хоёр хагас жилийн хугацаанд Иранаас шатахуун худалдан авах боломжтой болсон билээ. Гэсэн хэдий ч иранчууд “зөрүүдэлсээр” байсан учраас энэ удаагийн Венийн уулзалтаар ОПЕК-ийн гишүүд ба гишүүн бус орнууд олборлолтоо бууруул гэж Ираныг ятгаж дийлсэнгүй. Өмнө нь, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг хоригийг сэргээсний улмаас зах зээлд хомсдол үүснэ гэсэн хүлээлт бий болсноор нефтийн үнэ 10 дугаар сард 86 долларт хүрч байсан билээ. Харин хориг зөөлөрсний дараа 11 дүгээр сарын сүүлчээр үнэ 30 гаруй хувиар огцом унаж, одоо 60 орчимд долларт эргэлдэж байна.


ОПЕК+-д оролцогч талууд дээрх тохиролцоонд хүрэх явцдаа өөр нэгэн асуудалтай тулгарч, нэлээд хүнд хэцүү хэлэлцээ хийсний дүнд зөвшилцөлд хүрч чадсан байна. Тодруулж хэлбэл, Саудын Арави улс Орост хандаж, олборлолтоо хоногт 300 мянган баррелиар бууруулахыг санал болгосон боловч оросууд зөвхөн 150 мянган баррелиар бууруулах боломжтой гэсэн хариу өгчээ. Манай улсад их хүйтэн өвөл болдог учраас шууд 300 мянгаар бууруулах боломжгүй гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак тайлбарласан байна.


6-ны өдөр ОПЕК-ийн орнууд дотроо олборлолтоо бууруулах квотын асуудлаа ярьсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд Оросын байр суурь хаашаа эргэхийг харзнаж байв. Оросууд олборлолтыг бууруулахыг дэмжээгүй боловч бас эсэргүүцэхгүй байсан аж. 7,8-ны өдрүүдэд нэлээд шаргуу хэлэлцээ хийсний үр дүнд хоногт 228 мянган баррелиар /2018 оны 10 дугаар сарын түвшнээс/ олборлолтоо бууруулахыг оросууд зөвшөөрснөөр 1,2 сая баррель гэсэн дээрх үндсэн тохиролцоонд хүрч чадсан байна.


ОПЕК-ийн бус орнууд ирэх онд үнийг тодорхойлно  


Урт хугацааны хэтийн төлвийг харвал, ОПЕК+ бүтцэд хамаардаг орнууд нефтийн үнэд урьдынх шигээ нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй болж байна. Ингэж үзэхэд хүргэсэн хүчин зүйлүүдийн нэг бол занарын нефть олборлогчдын зүгээс өрсөлдөөн ширүүсч байгаатай холбоотой. Тодорхой хэлбэл, АНУ-д “занарын 2 дугаар хувьсгал” өрнөж байгаа бөгөөд нефтийн үнэ өндөр байгаагаас шалтгаалан 2019 оны хавар гэхэд тус улсад олборлож буй занарын газрын тосны хэмжээ хоногт 12 сая баррелиас давж магадгүй байна. Үүнээс үүдэн ОПЕК-ийн бүрэлдэхүүнд багтдаггүй улс орнууд /АНУ, ОХУ зэрэг/ 2019 онд нефтийн үнийн бодлогыг тодорхойлох төлөвтэй байгааг Дэлхийн банкны илтгэлд дурджээ. Ирэх онд олборлолт хоногт 2 сая баррелиар нэмэгдэх бөгөөд үүнийг ихэнхийг АНУ зах зээлд нийлүүлэх төлөвтэй байгаа аж. Тус банкны дэвшүүлсэн таамаглалаар, ойрын 3 жилийн хугацаанд нефтийн дундаж үнэ 71 доллар орчимд тогтох бололтой.


Москвагийн Нефть-хийн төвийн захирал Денис Борисовын таамаглаж байгаагаар, зах зээлд давагдашгүй хүчин зүйл бий болоогүй тохиолдолд олборлолтыг 1,2 сая баррелиар бууруулах нь үнийг огцом унахаас сэргийлэхэд хангалттай арга хэмжээ ажээ. Харин үнэ цаашид өсөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд цөөн байна. Учир нь, олборлогч компаниуд өртгөө бууруулж байгаагаас гадна үнэ 55-60 доллар байх үед хөрөнгө оруулалтаа өртгөө нөхөж чадахаар төслүүд олноор хэрэгжиж байна. Ийм учраас 2019 онд нефтийн үнэ 60-70 долларт хэлбэлзэнэ гэж шинжээч Д.Борисов таамагласан бол Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны хийсэн тооцоогоор, ирэх онд үнэ 69 доллар орчимд байх бололтой. Тэгээд ч Оросын Ерөнхийлөгч В.Путин “нефтийн үнэ 70 долларын орчимд эргэлдэж байхад л бүрэн хангалттай” гэж мэдэгдэж байгаа билээ.


Дашрамд сонирхуулахад, инженер-геологийн нөхцөл, дэд бүтцээс хамааран Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг дунджаар 10-15 доллар/баррель байдаг ажээ. Харин америкчуудын олборлож буй занарын нефтийн өөрийн өртөг 37- 47 долларт хэлбэлздэг ба бүхий л зардлыг хасч тооцвоос, үнэ 51-64 доллар байх үед хөрөнгө оруулалтаа нөхөж, ашигтай ажиллах боломжтой юм. 


Шинжээчдийн дүгнэлтүүд


Emirates NBD банкны шинжээч Эдвард Белл-ийн үзэж байгаагаар, 1,2 сая баррелиар олборлолтыг танаснаар зах зээл дэх газрын тосны илүүдэл нөөц багасахгүй, хомсдол үүсэхгүй ажээ. Тэгээд ч 2019 оны эхний хагаст улирлаас хамааралтайгаар эрэлт буурна.


ОХУ-д айлчлаад нутаг буцаж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро мэдэгдэхдээ “олборлолтыг танах тухай энэ удаагийн тохиролцоо нь үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн аль алиных нь хувьд үнийг шударга түвшинд тогтвортой байлгах боломжийг олгож байна” гэж дүгнэжээ.


Үүний эсрэгээр, олборлолтыг бууруулах тухай ОПЕК+-ийн шийдвэр нь түр зуур үнийг тогтворжуулж, орлогыг нэмэгдүүлэх боловч олборлох салбарт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гэсэн сонирхлыг /мотиваци/ мохоодог сөрөг талтай гэдгийг шинжээчид хэлж байна.


Зарим ажиглагчдын дүгнэж байгаагаар, олборлолтын хэмжээ гэхээсээ илүүтэй дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нь нефтийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх болно. 


Б.Адъяахүү

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ