“МонЭнКо” ХХК байгаль орчин хамгаалах менежментийн ажилд 1,4 тэрбум төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-11 17:04:13

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч “МоЭнКо” ХХК-нийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний 2018 оны хэрэгжилтийг хянан батлах, тайлагнах чиг үүрэг бүхий ажлын хэсэг саяхан байгуулсан. Тус ажлын хэсэг энэ сарын 04-ний өдөр “МоЭнКо” ХХК буюу Хөшөөтийн уурхайд ажиллаж, “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-ний 2018 оны хэрэгжилтийн тайлан мэдээ, хийсэн ажлуудын гүйцэтгэлтэй танилцаж, үнэлгээ хийв.
Энэ үеэр “МоЭнКо” ХХК нь 2018 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд нийт 79 ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүнээс 75 ажлыг хийж гүйцэтгэж, 1.4 тэрбум төгрөг зарцуулсан гэж “МоЭнКо” ХХК-нийн Байгаль орчны орлогч менежер Б.Эрдэнэбилэг танилцуулжээ.
Тэрээр, “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-ний хүрээнд энэ онд Хөшөөтийн гол руу орох тоосонцрыг багасгах зорилгоор голын баруун дэнж дагуу ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн, гаалийн хяналтын талбай, Цэцэг сум, Үенч суманд энэ онд нийт 14600 ширхэг суулгац тарьсан, мөн баяжуулах үйлдвэр, Гаалийн хяналтын бүсээс үүсч буй тоосжилтыг бууруулах зорилгоор бүрэн тоноглогдсон мананжуулагч машин 5 ширхгийг авснаар уурхайд 2, гаалийн хяналтын талбайд 3 мананжуулагч машин ажиллаж байгаа" гэв.

Үүнээс гадна Үенч сумын нэгдсэн хогийн цэгийг цэвэрлэж, 51,2 га хог хаягдлыг түрж, зөөсөн, тус сумын төвийн урд хэсэгт байрлах хуучин хайрганы карьерийн 8 га эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу энэ онд Ховд аймаг багийн захиргааны барилгыг, "МоЭнКо" ХХК нь нэг загварын 111 айлын хашаа, гүний худгийг тус тус барихаар тохирчээ. Хөшөөт багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Харин “МоЭнКо” ХХК нь Хөшөөт багийн айл өрхийн хэрэгцээнд зориулан хашаа барьж байна. Түүх соёлын дурсгалт газар болох “Харуул овоо”-г сурталчилсан танин мэдэхүйн мэдээллийн самбар хийж, байршуулжээ. Дарви сумын Мөрөн багийн Хөндлөнгийн аманд байрлах “Дугуй” булагийн эхийг хамгаалж орон нутагт хүлээлгэн өгч байна. Тоосжилтын эсрэг авч буй арга хэмжээний хувьд замын усалгаа хийж, тээврийн хэрэгслийн хурдны хязгаарлалт тогтоож, экспортын нүүрс тээврийн машинуудын тэвшийг хучих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 
Ажлын хэсгийнхэн “МоЭнКо” ХХК-иас цаашид зам дагуух амьтан, ургамлын нөлөөллийн судалгаа хийх, уурхайн бохирын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тусгайлсан төлөвлөгөө боловсруулан ажиллах шаардлагатай зэрэг саналуудыг онцлон хэлэв. 
“МоЭнКо” ХХК-нийн төв байр, Хөшөөтийн уурхай болон Ховд аймаг дахь Төлөөлөгчийн газарт нийт 470 гаруй ажилтан ажиллаж байна.

Холбоотой мэдээ