Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-09 09:08:12

СӨҮЛ. /NHK/. Умард Солонгосын сүүлд явуулсан цөмийн туршилт болон пуужин харвасантай нь холбогдуулан тус улсад Өмнөд Солонгос дангаараа нэмж хориг арга хэмжээ авлаа.

Урьд нь Умард Солонгосын боомтод зочилсон гадаадын болон тус улсын хөлөг онгоцуудыг Өмнөд Солонгосын боомтод нэвтрэхийг хориглолоо гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Япон ийм хориг арга хэмжээг аль хэдийн авсан байна.

“Хэрвээ Өмнөд Солонгос болон Япон нэгэн төрлийн хориг арга хэмжээ авсан бол энэ нь Умард Солонгост гадаадын хөлөг онгоц нэвтрүүлэхгүй байхад үр дүнтэй байх болно. Ингэснээр Умард Солонгос бүтээгдэхүүн тээвэрлэх боломжгүй болно” гэж Өмнөд Солонгос мэдэгджээ.

Үүнээс гадна, пуужин хөгжүүлэх төсөлд оролцсон байж магадгүй гэж үзэж байгаа 40 хувь хүн, тэр дундаа, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүд болон зэвсгийн наймаанд оролцсон гэж сэжиглэж байгаа 30 аж ахуй нэгжийг Өмнөд Солонгос хар жагсаалтад оруулсан байна. Хар жагсаалтад орсон хувь хүн, байгууллагуудын Өмнөд Солонгост хийж буй гүйлгээг хааж, тус улс дахь хөрөнгийг нь битүүмжлэх ажээ.

Мөн БНХАУ, Зүүн Өмнөд Ази дахь умард солонгосчуудын ресторануудаар үйлчлүүлэхгүй байхыг Өмнөд Солонгосын Засгийн газар олон нийтэд уриалаад, тэд ийм бизнесээр дамжуулан чөлөөтэй хөрвөдөг валюттай болж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ