Дэлхийн патентын мэдүүлэг гаргагчдын дийлэнхийг хятад иргэд бүрдүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-04 16:30:03

ВАШИНГТОН. /Xinhua/. Өнгөрсөн онд НҮБ-ын Дэлхийн оюуны өмчийн байгууллагад /ДОӨБ/ ирсэн патент авах хүсэлтийн 40 гаруй хувийг БНХАУ-аас илгээсэн байна гэж тус байгууллагаас гаргасан  тайланд дурджээ.


БНХАУ нь сүүлийн долоон жил дараалан оюуны өмчийн зөвшөөрөл хүссэн орнуудын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.


Дээрх тайланд мэдээлснээр, 2017 онд Хятадын оюуны өмчийн газарт патент авахыг хүссэн 1.38 сая хүсэлт ирсэн бол АНУ-д 600 мянга гаруй, харин Японд 320 мянга орчим хүсэлт иржээ. Түүнчлэн өнгөрсөн онд дэлхий даяар нийт 3 сая гаруй хүн патентын мэдүүлэг өгсөн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болсон байна.


Дэлхийн томоохон эдийн засагтай хоёр орны дунд худалдааны маргаан өрнөж, АНУ-ын талаас БНХАУ-ыг оюуны өмчийн хуулийг зөрчсөн гэх шүүмжлэл ид газар авч буй үед ДОӨБ-аас энэхүү тайланг гаргасан юм.


Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятад улс оюуны өмчийн тогтолцоог амжилттай хөгжүүлснийг ДОӨБ-ын Ерөнхий захирал Френсис Гарри онцлон тэмдэглээд, тус улсын иргэд оюуны өмчийн зөвшөөрөл авах хүсэлт гаргагчдын тоогоор тэргүүлсээр байгааг нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ