Өнөөдөр Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 5 минут зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-29 11:17:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас өнөөдрийг Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө  "Хичээх өдөр" болгон зарлав.

Энэ өдөр иргэн, тээврийн хэрэгслийн жолооч бүрийг дүрэм зөрчихгүй замын хөдөлгөөнд соёлтой, хичээнгүйлэн оролцохыг тус албанаас уриалав.

"Хичээх өдөр"-ийн хүрээнд өнөөдөр энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, цагдаа, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албанаас дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэв.


ТЦА-ны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлах, хяналт тавих, мөн осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг сэрэмжлүүллээ.

Мөн аймаг, орон нутаг, дүүргүүдийн ЗДТГ-ын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалж жагсав.


Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж хөдөлгөөнд соёлтой оролцвол зам тээврийн осол гарахгүй ТЦА-ны алба хаагчид онцлолоо. Улсын хэмжээнд жилд зам тээврийн ослоор 500 гаруй хүн амиа алдаж, 6187 хүн эрүүл мэндээрээ хохирдог гэсэн харамсалтай тоо баримт байдаг аж.

Холбоотой мэдээ