Хилийн сургууль дотроо ариун цэврийн байгууламжтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-29 12:32:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ерөнхий боловсролын сургууль дотроо ариун цэврийн байгууламжтай боллоо.

Ариун цэврийн байгууламжийг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, “Мобиком” корпорац болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын 50 сая төгрөгийн дэмжлэгээр тус сумын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламжийг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан байна.

Ингэснээр сурагчид гадаа бие засах шаардлагагүй болж сургуулийн байрандаа тохь тухтай орчинд  ариун цэврийн хэрэгцээгээ хангах боломж бүрдэв.

Тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн, хувийн хэвшлийн санаачилгад тулгуурлаж байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн орчны бохирдлыг бууруулах  зорилт тавьсан аж.

Хатанбулаг сум Дорноговь аймгийн өмнөд хилийн алслагдсан сум бөгөөд газар нутгаараа аймагтаа нэгт, малын тоо, хүн амынхаа тоогоор  эхний гуравт бичигддэг. Ерөнхий боловсролын сургуульд 300 гаруй хүүхэд суралцаж байна.   

Холбоотой мэдээ