С.Амарсайхан: НИТХ-д цаашид дахин завсарлага авах хугацаа байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-28 10:03:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах шийдвэрээ НИТХ-д хүргүүлээд 14 хонож байгаа. Ингэснээр хэлэлцэх асуудлын хугацаа дуусч байгаа юм. Гэвч НИТХ Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх хугацаанд асуудлаа хэлэлцэж амжиж багтсангүй.

“НИТХ дахин хойшлсоор байх уу, энд ямар гаргалгаа байна вэ?” гэсэн асуултад НИТХ-ын дарга С.Амарсайхан хариулахдаа, “Уг нь хуулийн хугацаандаа хэлэлцэх ёстой байсан. Гэхдээ цаашид сунжрах боломж байхгүй. НИТХ дахь намын бүлгүүдэд бүрэн эрхийн дагуу нэг удаа завсарлага өгсөн.

Дахиад завсарлагын хугацаа байхгүй учир дэгийн дагуу дараагийн завсарлагын хугацаандаа асуудлаа хэлэлцэж шийдээд явах учиртай. АН-ын бүлгийн үзэж буйгаар Ерөнхий сайд заавал ирсэн байхдаа биш, ирсэн ирээгүй НИТХ хууль, дэгийнхээ дагуу асуудлаа хэлэлцээд шийдээд явна. Ийм бүрэн эрх нь бий” гэсэн юм.

Харин НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс, “Хуралдаан асуудлаа хуулийн хугацаанд хэлэлцэж амжаагүй нөхцөлд яах талаар хуулийн эрхзүй байдаггүй юм байна. Тиймээс цааш шийдвэр гарлаа гэж үзэхэд хуулиа зөрчсөн л шийдвэр гарах нь ойлгомжтой. Энэ үүднээс НИТХ хуулиа биелүүлсэнгүй” гэж үзэж буйгаа бүлгийг төлөөлж Д.Баттулга илэрхийлсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

Холбоотой мэдээ