О.Гүндэгмаа Бангкокт Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-06 20:03:25

Тайландын Бангкок хотноо болж байгаа буудлага спортын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 392 оноогоор Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, шигшээ тэмцээнд 1-р байраар шалгарчээ.

Энэ төрөлд нийт 39 тамирчин өрсөлдсөн бөгөөд олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа шигшээ тэмцээнд 116,4 оноо авч зургадугаар байрт орсон байна. Харин ОУХМ Ц.Мөнхзул 377 оноогоор 17 дугаар байр эзэлжээ. Мөн энэ өдөр болсон 50 метрээс гурван байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт 48 тамирчин буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 571 оноогоор 15 дугаар байрт шалгарсан байна.

Дашрамд сонирхуулахад, О.Гүндэгмаа 95 100 100 97 = 392 оноогоор Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд хуучин дээд амжилтыг 391 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул эзэмшиж байв. Энэ дасгалын рекорд нь олимпийн наадамд 391 оноо бол дэлхийн рекорд нь 393 оноо байдаг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ