Улс тунхагласан баяраа угтаж шатрын их мастерууд хоёр өдөр өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын их мастерууд төрийн ордонд оюун ухаанаа уралдуулж байна. Улс тунхагласны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Түргэн болон түргэвчилсэн (рапид, блиц) тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд Их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Б.Амина тэргүүтэй шатарчдаас гадна ахмад, өсвөрийн олон улсын цолтой мастерууд, 1800-гаас дээш чансаатай шатарчид оролцож байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд У.Бямбасүрэн "Анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласан баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборт зохион байгуулж байна. Энэ тэмцээнд өндөр чансаатай тамирчид оролцож, цар хүрээ нь жилээс жилд нэмэгдэж байна" гээд тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, маргааш аваргууд тодорно.