Монгол, ОХУ-ын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихын урилгаар Москво хотноо "Тээврийн долоо хоног 2018" олон улсын чуулга уулзалтад Зам тээвэр, хөгжлийн /ЗТХ/-ийн сайд Я.Содбаатар оролцож байна. Чуулганы хүрээнд хоёр орны сайдууд өчигдөр уулзаж тээврийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон бусад албаны хүмүүс оролцов.
Улаанбаатар хотноо энэ оны 6 дугаар сард болсон “Монгол, Оросын санаачилга 2018” нэгдсэн арга хэмжээний үеэр байгуулсан “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар мэдээлэхэд оросын тал уг хэлэлцээрийн батлах дотоод үйл ажиллагаагаа 9 дүгээр сарын 7-ны өдөр дуусгавар болсныг Тээврийн сайд Е.И.Дитрих уулзалтын үеэр мэдэгдлээ.
Түүнчлэн, хоёр улсын стратегийн түншлэлийн чухал байгууллага болох Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх зорилгоор ЗТХЯ, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т тусгагдсан шинэчлэл, хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд талууд онцгой анхаарч ажиллахаар тохиролцов.
Хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааг олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг талууд илэрхийлэв. Тухайлбал, өнгөрсөн 9 дүгээр сард хүчин төгөлдөр болсон “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь гурван орны зам, тээврийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаанд бодит түлхэц үзүүлж, шинэ нөөц, боломжуудыг бий болгож буйг талууд онцлов.
Мөн ЗТХ-ийн сайд Я.Содбаатар энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын Мосгортранс” их сургууль дээр оросын тээврийн салбарын шинжээчидтэй уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Тэрбээр өнөөдөр “Тээврийн долоо хоног 2018” чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож, оросын тээврийн салбарын компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцах, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ийн дарга О.В.Белозёровтой уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж. Айлчлал үргэлжилж байна.