Ган гачигт нэрвэгдсэн Этиоп улсад туслахад АНУ 500 сая доллар гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-04 14:20:31

ВАШИНГТОН. /TASS/. Сүүлийн 50 жилд болоогүй хүчтэй ган гачигт нэрвэгдсэний улмаас хүмүүнлэгийн хямрал нүүрлэх аюул тулгарсан Этиоп улсад тусламж үзүүлэхэд АНУ 500 сая доллар гаргажээ. Энэ тухай тус улсын Олон улсын хөгжлийн газрын дарга Гейл Смит Төрийн департаментад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлсэн байна.

Этиопт “одоогийн байдлаар хүн амынх нь 10 гаруй хувь нь буюу 10 сая гаруй хүн” хоол хүнсний хомсдолд ороод байна гэж тэрбээр хэлжээ. “НҮБ-ын тооцоолсноор, тэдэнд ердөө ирэх гурван сард тусламж үзүүлэхэд 268 сая доллар шаардлагатай” гэж Смит онцлон дурдсан байна. “Бид 500 сая доллар хэдийн гаргасан бөгөөд хөрөнгө мөнгө дахин гаргахад бэлэн байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.

АНУ мөн шинжээчдийн тусгай багийг Этиопт илгээсэн болохыг тэрбээр мэдээлсэн байна. Тус баг нь Этиопын байдалд үнэлэлт өгөхөд тус улсын эрх баригчдад туслах аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ