Эрчим хүчний зохицуулах хороо 39 компанид сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих зөвшөөрөл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-13 16:38:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ 2007 оны нэгдүгээр сард “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийг баталснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд Төв, Дархан-Уул, Өмнөговь аймагт нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станц ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбожээ. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Эдгээр эх үүсгүүрийг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбосон тохиолдолд, сүлжээний горим, ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Тиймээс төвийн сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг зохистой хэмжээнд байлгах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа хууль санаачлагч Д.Дамба-Очир гишүүн танилцуулав.

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барьж байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэж, тусгай зөвшөөрөл авах хүсэлт олноор ирэх болсон. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барьж байгуулах тусгай зөвшөөрөл авч, үнэ тарифаа батлуулан, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан хэдий ч төлөвлөсөн хугацаандаа үүсгүүрээ ашиглалтад оруулахгүй, тухайн төслөө бусдад худалдах замаар ашиг олох асуудал гарч эхэлсэн. Иймд хуулийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхитай байх ёстой гэсэн заалтыг оруулсан. Мөн бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байгуулсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нэгжид олгох урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай байна” гэлээ.

Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх талаар санал хураалт явуулах байнгын хорооны гишүүдийн 83.3 хувь дэмжив.

Холбоотой мэдээ