Хүүхдүүдийн цахим орчинд тоглох цагийг хязгаарлана

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2018-11-06 17:09:09

БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын мэдээллийн технологийн салбарын томоохон төлөөлөгч “Tencent” компани хүүхдүүдийн тоглоомд донтох байдлыг бууруулах зорилгоор цахим тоглоом хэрэглэгчдийн насны хязгаарыг чангатгахаар болсон байна.


Тус компанийн хамгийн алдартай тоглоом болох “Honour of Kings” тоглоомд энэ оны эхээр бүртгэлийн систем нэвтрүүлжээ. Уг систем нь тоглогчдын хувийн мэдээлэл болон насыг бүртгэдэг бөгөөд ирэх 2019 оноос эхлэн “Tencent” компанийн бүх тоглоомд нэвтрэх юм.


Ингэснээр 12-оос доош насны хүүхдүүд өдөрт нэг цагийн турш тоглох эрхтэй болох бол түүнээс дээш насны хүүхдүүд хоёр хүртэлх цагийн хугацаанд тоглож болох гэнэ. Мөн энэхүү цагаа шөнийн цагаар ашиглаж болохгүй ажээ.


Хятад улс нь дэлхийн цахим тоглоомын хамгийн том зах зээл хэдий ч энэ нь бага насны хүүхдүүдийн тоглоомд донтох явдал ихсэх хийгээд нүдний хараа муудах зэрэг сөрөг үр дагавар дагуулах болсныг тус улсын засаг захиргаанаас хүчтэй шүүмжлэх болсон юм.


БНХАУ-ын хууль сахиулагчдын шаардлагаар “Tencent” компани 2017 оны долдугаар сард бага насны хүүхдүүдийн “Honour of Kings” тоглоомыг тоглох цагийг хязгаарлах арга хэмжээг танилцуулж, 2018 оны эхээр өөрийн жинхэнэ нэрээрээ бүртгүүлэх ёстой системийг уг тоглоомд нэвтрүүлжээ.


Тус компани 2005 оноос хойш анх удаа буюу энэ оны зун ашгийн алдагдал хүлээсэн байна.

Холбоотой мэдээ