Япон Ирантай төлбөр тооцоо хийх арга хэрэгслийг түргэн бий болгохоор төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-06 16:18:11
ТОКИО. /RIA Novosti/. АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг тогтоосон нефтийн хоригийн жагсаалтаас Япон болон өөр 7 орныг хасах шийдвэр гаргасантай холбоотойгоор Иран улстай санхүүгийн төлбөр тооцоо хийх арга хэрэгслийг аль болох түргэн бий болгохоор төлөвлөж байна гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

АНУ-ын хоригийн жагсаалтаас 180 хоногийн хугацаатайгаар хасагдсан Хятад, Энэтхэг, Итали, Грек, Япон, Өмнөд Солонгос, Тайвань болон Турк улсын хувьд нефть худалдан авалтын төлбөр тооцоо хийх нөхцөлийг тогтоосон байна. АНУ-ын Төрийн Департаментаас урьд нь мэдээлснээр, төлбөр тооцоог хатуу валютаар хийж болохгүй. Эдгээр улс худалдан авсан нефтийнхээ төлбөрийг тусгай данс буюу “эскроу дансанд” шилжүүлэх ёстой. Ингэснээр Иран улс “зөвшөөрөгдсөн бараануудыг” худалдан авах нэг төрлийн зээлийг авч байгаа юм. Хүмүүнлэгийн энэ бараа бүтээгдэхүүний жагсаалтыг АНУ гаргана. Эскроу дансыг Иран улс бус зөвхөн нефть худалдан авч байгаа орон нээх ёстой байна.

Ираны цөмийн асуудлаар байгуулсан гэрээнээс АНУ гарч буйг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Ираны эсрэг урьд нь тогтоосон байсан бүх хоригийг сэргээнэ гэж тэрбээр мэдээлсэн юм.
Холбоотой мэдээ