Хүчингийн хэрэг өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-02 21:44:40


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас оны эхний 10 сарын байдлаар 511 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан бол 509 хэрэгт хэрэг бүртгэл явуулсны дотор 108 хэргийг хааж, 189 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Үйлдэгдсэн гэмт хэргийг ангилвал хүүхдийн эсрэг болон үүн дотроо хүчиндэх гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, хүчирхийллийн 22 гэмт хэрэг бүртгэгджээ. Хохирогчид нь 0-14 нас, 18-аас дээш нас гэх мэтчлэн  ихэвчлэн бага насны, өсвөр насны  хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл болон хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон байна.

2017 онд хүчиндэх гэмт хэргийн гаралт 10 байсан бол 2018 оны мөн үед 19 болон хоёр дахин нэмэгдсэн  шалтгааныг нуугдмал гэмт хэргүүд нөхөн илрүүлэлтээр илэрсэнтэй холбоотой гэж байв. Зөвхөн  энэ оны эхний 10 сарын байдлаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг дотроо хүчиндэх гэмт хэрэг 9 үйлдэгдэж, 7 хүртэлх насны  2 хүүхэд,  7-14 насны 4 хүүхэд хохирогч болжээ. Үүнээс харахад хүчиндэх гэмт хэргийн гаралт жил ирэх тусам өсөх  хандлагатай байна.

“Хүчиндэх гэмт хэрэг ихэвчлэн гэр орондоо найз нөхөд, танилын хүрээний хүмүүсийг олноор цуглуулан архидан согтуурснаас үүдэлтэй байна. Үүнээс  гадна хүчирхийллийн гэмт хэргийг нуун дарагдуулсны улмаас тухайн хүүхэд дахин гэмт хэргийн хохирогч болох магадлалтай. Өөрөөр хэлбэл, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд зонхилон гэр орныг нь эзгүйчлэх, эцэг эхчүүдийн бага насны охин хүүхэддээ тавих хараа хяналт сул байгааг ашиглан  гэмт хэрэг үйлдэж байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм” хэмээн Аймгийн ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнай хэллээ.

 

Холбоотой мэдээ