Йемений нисэх хүчний баазад цуврал цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-02 09:56:07
САНА. /TASS/. Саудын Араб тэргүүтэй эвслийн байлдааны нисэх онгоцууд Йемений нийслэл Сана хотын олон улсын нисэх онгоцны буудлаас холгүй оршдог нисэх хүчний баазад 30 гаруй цохилт өгсөн тухай “Reuters” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, Сана хотын нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн нисэх онгоцууд цохилтод өртөөгүй аж. Хүний амь эрсэдсэн бол их хэмжээний хохирлын талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.

Йеменд засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд 2014 оноос хойш мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. Мөргөлдөөн 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй арабын орнуудын эвсэл халдан орсноос хойш улам ширүүссэн байна. Тухайн үед Йемений газар нутгийн томоохон хэсэгт хяналтаа тогтоосон хуситуудын эсрэг явуулсан “Шийдвэрлэх шуурга” нэртэй ажиллагааг Бахрейн, Катар, Кувейт болон Арабын Нэгдсэн Эмирт Улс дэмжсэн бөгөөд тэдэнтэй Египет, Иордан, Марокко, Пакистан, Судан улсууд нэгдсэн юм.
Холбоотой мэдээ