Ц.Мөнхтулга : Шүүгч нар хамгийн түрүүнд ёс зүйтэй байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-01 18:11:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шүүгчийн ёс зүй, хүний эрх”-ийн сургалт Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн байранд эхэллээ.


Сургалтын нээлтэд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, НҮБ-ын Азийн сангийн Дэд суурин төлөөлөгч Диана Фернандез нар оролцов.



ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, “Ёс зүй, хүний эрхийн сургалтыг эхэнд тавьж, бусад хууль хэрэглээний, мэргэжлийн хөгжлийг дэмжих, нийгмийн мэдрэмж, салбар дундын мэдлэг зэрэг сургалтууд нь сонголтын шинжтэй болох юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хүний эрх болон ёс зүйн сургалтад заавал хамрагдана” гэв.



Ёс зүй, хүний эрхийн сургагч багш, Хэнтий аймгийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, “Шүүгч нар чадвартай байхаас гадна хамгийн түрүүнд ёс зүйтэй байх ёстой. Монгол Улсын хэмжээнд 530 гаруй шүүгч  ажиллаж байна. Тэднийг уг сургалтад хамруулахаар сургагч багш нар 9 бүсэд хуваагдсан. Нийслэлийн хувьд энэ сарын 7-ныг хүртэл 5 ээлжээр дээрх сургалтад 209 шүүгчийг хамруулна” гэв.


Уг сургалтыг НҮБ-ын Азийн сан хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус сан шүүхийн тухай багц хуулийн төсөл батлагдахаас эхлээд шүүгчийн сонгон шалгаруулалтын программ боловсруулж, шинэчлэх, авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх зэрэг олон чиглэлээр ШЕЗ-тэй хамтран ажиллаж байгаа аж.


Сургагч багш нар шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нийтийн алба, нийгмийн харилцаа, хувийн амьдралд баримтлах ёс зүй, олон улсын стандарт, төвийг сахих зарчим, ашиг сонирхлын зөрчил, зан төлөв зэрэг сэдвээр хичээл орох юм.


Шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготой тус сургалтад өнгөрөгч сарын 22-30-ны хооронд орон нутгийн 271 шүүгч хамрагдсан юм.

Холбоотой мэдээ