Монгол Улс эрчим хүчний нөөцөө ашиглан экспортлох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-31 17:47:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвхөн Зүүн хойд Азийн бүс нутаг гэлтгүй, дэлхийг хамарсан эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болох гэж буй талаар өнөөдөр манай улсад эхэлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ хамтын ажиллагааны форум”-д оролцогсод онцолж байв.

Манай талаас ЭХЯ, олон улсын зүгээс АХБ, БНХАУ-ын Эрчим хүчний зөвлөл (CEC), БНСУ-ын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эрчим хүчний системийн хүрээлэн (ESI), Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний Хөгжил болон хамтын ажиллагаа (GEIDCO) зэрэг олон байгууллага хамтран оролцож байгаа уг форумд Монголын  бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги тѳслийн зохицуулагч Б.Бямбасайхан хэлэхдээ “Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч, ухаалаг сүлжээ, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчдэлийн дамжуулах шугамын технологи нийлээд дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болно. Энэ талын судалгааны ажлуудыг олон улсад хийж байна. Австралиас Зүүн ѳмнѳд Ази руу цахилгаан эрчим хүч далайн доогуур дамжуулан худалдах хѳтѳлбѳр хэрэгжиж байна. Тиймээс манай улс Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд хамгийн том идэвхтэй тоглогч байх боломжтой гэсэн байр сууриа олон улсад ойлгуулах шаардлагатай байна” гэсэн юм.


Хоёр өдөр үргэлжлэх форумын үеэр улс орнууд 2018 онд хэрэгжүүлсэн ажлаа эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэх бөгөөд эхний өдрийн хуралдаан “Үндэсний болон хамтарсан техник эдийн засгийн үндэслэл, төлөвлөлтүүд” сэдвээр эхэлсэн юм. Форумын талаар зарим ажиглагчид “Монгол Улсаас сэргээгдэх эрчим хүч худалдаж авах сонирхолтой улс орны төлөөллүүд Улаанбаатарт асуудлаа ярьж байна” хэмээн үзэж буй байр сууриа ч илэрхийлж байв. Учир нь Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ буюу олны дунд нэршсэнээр Азийн супер сүлжээ”-ний талаар энэ удаагийн форум дээр хөндөн онцолж байгаа юм. Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, БНАСАУ-ыг хамарсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний ТЭЗҮ-ийн нарийвчилсан судалгааг АХБ-ны санхүүжилтээр хийж байгаа тайлангийн явцыг хуралдааны үеэр танилцуулж байна. Судалгаа дуусах шатандаа явж байгааг мэдээллээ.


Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дэлхийд нийлүүлэгч орон болох боломжтойг Эрчим хүчний салбарынхан харж байна. Манайд хийсэн судалгаагаар нийт нутгийн 40 хувь нь нар, салхины асар их нөөц, усан цахилгааны хүчин чадалтай болохыг тогтоогоод байгаа юм. Тэгвэл нөгөө талаар, нэг бүс нутаг, тивд орших БНСУ, БНХАУ, Япон зэрэг орон хамгийн их эрчим хүчний хэрэглээтэй, импортлогч орнуудын тоонд орж байгаа юм.


Тухайлбал, БНАСАУ нь эрчим хүчний ихээхэн сорилттой тулгардаг. Иймд бүс нутгийн удирдагчид хамтран ажиллах хүрээнд Монгол Улсаас бусад оронд эрчим хүч экспортлох боломж бий эсэх талаар судалгааны дүнг сонсож хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ талаар Дэлхийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжил хамтын ажиллагааны Эдийн засаг, судалгааны институтийн дэд дарга Хуан Хан, “Зүүн хойд Азийн бүс нутаг дахь цахилгаан эрчим хүчний хамгийн том худалдан авагч болох Хятад, Солонгос, Япон. БНСУ гэхэд нефть, газрын тосны хэрэгцээнийхээ 70 хувийг импортоор авдаг. Япон улсад үүнээс өндөр байх магадлалтай. Цаашид энэ хэрэгцээ өсөх хандлагатай болох учраас нүүрс, газрын тосноос өөр сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглах нь чухал. Энд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан эрчим хүч экспортлох нь чухал байна” гэсэн юм.

Форумд  Япон улсын Cэргээгдэх эрчим хүчний институт (REI) болон Их түмэн санаачилга (Greater Tumer Intitiative) зэрэг олон улсын бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ