Цахим халдлагаас хамгаалах, стратеги бодлогыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНСУ-ын АСКо компаниас санаачлан “ИнфоСек МН-2016” мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо “Corporate Convention Center”-т боллоо.
Цахим халдлагаас хамгаалах, цаашдын стратегийн бодлогоо тодорхойлох, хамтын харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцэн зөвшилцөх зорилготой уг чуулганд Засгийн газрын агентлагууд, яамд болон банк санхүү, уул уурхай зэрэг салбарын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг удирдах ажилтнууд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцсон байна.
Чуулганаар “Хувийн нууцлал болон мэдээллийн аюулгүй байдлыг чухалчлах нь”, “Та шинэ аюулгүй байдлын сорилтод бэлэн үү”, “Дэлхийн мэдээллийн аюулгүй байдал ба өнөөгийн нөхцөл байдал, чухал өөрчлөлтүүд”, “Байгууллагын мэдээллийн гадаад ба дотоод аюулгүй байдлыг хамгаалах нь”, “Кибер халдлагыг хэрхэн зөв удирдан зохицуулах вэ” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Мөн олон улсын болон дотоодын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд орчин үеийн шинэ техник, технологийг танилцуулжээ.
Чуулганыг салбартаа тэргүүлэгч байгууллагууд болох IT Zone, SafeBit, Юнител, Хас Банк, олон улсын HP буюу Hewlett Packard Enterprise, Fortinet зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, JCI Прогресс салбар байгууллага болон MNCERT (Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв) хамтран зохион байгууллаа.
Н.Туяа