Б.Лхагвасүрэн: Монголбанк мөнгөний бодлогын хүүг тогтвортой хадгалах бодлого баримтална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанктай хамтран “Глобал орчин, эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Олон улсын туршлагаас үзэхэд гадаад валютын нөөц ихтэй орнууд
эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулсан байдаг аж. Тиймээс гадаад
валютын нөөцийг нэмэгдүүлэх нь ирээдүйд үүсч болзошгүй гэнэтийн сөрөг
нөлөөллөөс Монгол Улсын эдийн засгийг хамгаалах, дархлааг сайжруулахад ач
холбогдолтой гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир
хэлэлцүүлгийн нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Бид инфляцийг нэг оронтой тоонд
барих, буулгах үүднээс ипотекийн зээлийг түлхүү олгох талаар Сангийн яам,
Барилга хот байгуулалтын яам, Монголбанктай ярилцаж байна. Мөн валютын ханшийг
тогтвортой барихад ихээхэн анхаарал хандуулах болно” гэлээ.
Тус хэлэлцүүлэгт “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдвээр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эдийн засгийн хориг арга хэмжээ түүний сөрөг үр дагавар” сэдвээр Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх Б.Энхбаяр, “Глобал орчин дэлхийн эдийн засаг” сэдвээр Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар илтгэл тавьсан юм. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг сонслоо.
Монголбанкны дэд
ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: АНУ-ын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ өсгөснөөр дэлхийн
ихэнх орны мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларч байна. Монгол
төгрөгийн хувьд ам.доллартай харьцах ханш суларсан ч юань, рублийн эсрэг
чангарч байгаа. Одоогоор Монголбанк 2.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй
байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын зургаан сарын импортын хэмжээтэй тэнцэх
үзүүлэлт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс валютын нөөц нэг жилийн импортын
хэмжээтэй тэнцэх валютын нөөцтэй байх ёстой гэсэн зөвлөмж өгсөн. Тиймээс
Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлэх, бодлогын хүүг тогтвортой байлгах чиглэлд анхаарч
байгаа. 2019-2020 онд инфляцийг найман хувьд барих, дунд хугацаандаа зургаан
хувь болгон бууруулахаар ажилалж байна.
Ерөнхий сайд асан
М.Энхсайхан: ОУВС-тай
хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр удахгүй дуусгавар болно. Өнгөрсөн хугацаанд
Монгол Улс маш их өр тавьсан. Энэ өрийг дарахын тулд Засгийн газар, Монголбанк уялдаа
холбоогоо сайжруулж, хөрөнгийн зах зээлд баримтлах бодлогоо тодорхойлох
хэрэгтэй. Ингэхгүй бол дэлхийн эдийн засгийн цохилтуудаас бултаж чадахгүй.
УИХ-ын гишүүн асан,
эдийн засагч С.Дэмбэрэл:Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг ХХААХҮЯ-наас салгаж,
хараат бус байдлыг нь хуульчилж өгөх хэрэгтэй. Бие даасан байдлыг хуулиар
хамгаалаагүй тохиолдолд өнөөдөр нийгэмд үүссэнтэй адил дуулиан, шуугиан тасрахгүй.
Мөн тус сангийн хөрөнгийн зарцуулалтыг
хянах хөндлөнгийн ажиглагчдыг ч томилох шаардлагатай гэв.