Бэлчээрийн үндэсний чуулганаар хариуцлагатай менежментийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-30 19:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш нийслэл хотноо эхлэх Монгол орны бэлчээрийн үндэсний II форумаар бэлчээрийн өнөөгийн төлөв байдлын тайланг танилцуулж, бэлчээрийн доройтлыг хязгаарлаж, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэн, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх гэж байна.

Хуралдааныг нээж ХХААХҮ-ийн сайд С.Батзориг болон УИХ-ын Байгаль орчин, Хүнс, ХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, гишүүн Г.Тэмүүлэн болон Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Г.Шпирли нар үг хэлж, форумын үндсэн хуралдаан “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” сэдвээр болох юм.


Мөн 3 салбар хуралдаан болж, бэлчээрийн МАА-н тэжээл бэлтгэл, хангамжийг шинэ шатанд гаргах нөөц боломж, сайн туршлага болон бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, малын тоо ачааллыг даацад нь тохируулах орон нутгийн санаачлагаас солилцож хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Форумын үеэр “Хариуцлагатай үйлдвэрлэл-хариуцлагатай бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа нээгдэж, “Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг түүчээлэгчид” манлайлагчдыг тодруулах ёслолын үйл ажиллагаа, “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь” сэдэвт тэмцээн тус тус болно.


Бэлчээрийн үндэсний II форум 2 дахь өдрөө ХАА-н мэргэжилтнүүдэд зориулсан “МАА-н үйлдвэрлэлийн экстейншний үйлчилгээ” чадавхийг бэхжүүлэх сургалт, газрын харилцааны мэргэжилтнүүдэд зориулсан “Гэрээт бэлчээрийн талбайг зураглах, бүртгэлжүүлэх” арга зүйн семинараар үргэлжилнэ.

 

Б.Болд

Холбоотой мэдээ