Орон нутагт махны 42, сүүн бүтээгдэхүүний 216 үйлдвэр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-30 15:49:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Тэрбишдагва нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

Гишүүдийн зүгээс малын гоц халдварт өвчин дэгдсэн бүсээс ирж байгаа машин техник, иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэхэд ариутгах ажлыг шинэчлэхэд арга хэмжээ авч байгаа эсэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, махны экспортыг дэмжин, үйлдвэр барих асуудалд шуурхай ажиллаж байгаа талаар  тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле, “Монгол Улсын Засгийн газраас батласан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон мах, сүүний үйлдвэрийг барих бэлтгэл ажил үргэлжилж байна. Одоогоор орон нутагт махны чиглэлийн 42, сүү, сүүн бүтээгдэхүүний 216 үйлдвэр  орон нутагт ажиллаж байна. Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор автомашин, иргэд, тэдгээрийн ачаа тээшийг иж бүрэн ариутгаж, халдваргүйжүүлэн нэвтрүүлэхэд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник, технологи ашиглахад шаардагдах төсөв, хөрөнгийн зардал өндөр байна. Тиймээс боломждоо тулгуурлаад автомашины дугуйг ариутгах ажлыг үргэлжлүүлж байнахэмээн хариуллаа.

Ийнхүү байнгын хороо тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ