Олимпийн анхны медальтан Т.Артаг агсны хөшөөг төрөлх нутагт нь босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-10-29 22:18:15

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавъяат тамирчин, 1968 оны Мехикогийн XIX олимпийн чөлөөт бөхийн анхны хүрэл медальт, Ази тивийн аварга, Дэлхийн цомын хүрэл медальт, Монгол Улсын Өсөх идэр начин, чөлөөт бөхийн нэрт мастер Төмөрийн Артаг агсны хөшөөний нээлт өчигдөр Улаангом хотноо боллоо.

Нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, ХХ зууны манлай бөх, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Монголын Олимпийн медальтнуудын холбооны нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, Т.Артаг агсны хань Д.Баярлах, дүү Монгол Улсын гавъяат багш Т.Гүнсээ болон ах дүү, төрөл төрөгсөд, хөшөөг бүтээсэн уран барималчид, аймгийн удирдлагууд, багш дасгалжуулагчид, бөхчүүд, чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид, нутгийн зол олон өргөнөөр оролцлоо. 

Энэ үеэр Дархан аварга Х.Баянмөнх өөрийн сайн найз Т.Артаг агсны талаар дурсамжтай яриаг нулимс дуслуулан хуучилсан юм

Монгол хүн олимпийн наадмаас анхны медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа Олимпийн тэнгэрт анх мандсан цагаас хойш 50 жил өнгөрчээ. Монголын олимпийн медальтнуудын холбооноос санаачлан ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн олимпийн медальтнуудад зориулж, төрөлх нутагт нь гэрэлт хөшөө босгох ажлыг эхлүүлсэн байна. Ийнхүү Олимпийн их наадмаас анхны хүрэл медалийг авч ирсэн Монгол Улсын Гавъяат тамирчин Т.Артаг агсны хөшөөг Увс аймгийн Улаангом хотноо хүндэтгэлтэйгээр босголоо.

                                                                                                                                                         Б.Батхүү

Холбоотой мэдээ