Өнгөрсөн сард Иракт 670 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-02 15:30:18

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Өнгөрсөн сард Иракт байлдааны ажиллагаа болон халдлагын улмаас 670 хүн амиа алдаж, 1290 хүн шархадсан тухай Иракт тусламж үзүүлэх НҮБ-ын байгууллагын тайлан мэдээнд дурджээ.

“Өнгөрсөн хоёрдугаар сард цагдаагийн 11 ажилтан, тусгай хамгаалалтын ажилтнууд, суннитуудын "Ас-Сахва" хөдөлгөөний цэргүүд болон гал түймэртэй тэмцэх албаны ажилтнуудыг оруулаад 410 энгийн иргэн амиа алдаж, 1050 хүн шархадсан. Мөн аюулгүй байдлын хүчний 260 ажилтан амиа алдаж, 240 хүн шархадлаа” гэж тайланд дурдсан байна. Иракт тусламж үзүүлэх НҮБ-ын байгууллагын мэдээлэлд Анбар мужид амиа алдсан болон шархадсан хүмүүсийн талаарх мэдээллийг оруулаагүй байна.

“Хэдийгээр 849 хүн амиа алдаж, 1450 хүн шархадаж байсан нэгдүгээр сарынхтай харьцуулахад Иракт амиа алдагсдын тоо буурсан боловч хоёрдугаар сард хэд хэдэн удаа тухайлбал, мөргөлийн газар, захууд, оршуулгын газарт халдлага үйлдсэнийг” тус байгууллага цохон тэмдэглэжээ.

Хоёрдугаар сард өмнөх нэгдүгээр сарынхтай адил 277 хүн амиа алдаж, 838 хүн шархадсан нийслэлийн хотын бүсэд илүү хүнд байдал үүссэн байна. Амиа алдсан хүний тоогоор дараа нь газар нутгийнх нь ихэнх хэсэг нь террорист “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Найнава муж орж байна. Тус мужид 42 хүн амь үрэгдэж, 5 хүн шархаджээ. Гуравдугаарт 40 хүн амиа алдаж, 43 хүн шархадсан Дияла муж орсон байна.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ