Архитектор Б.Чимэд агсны нэрэмжит гудамжтай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатат /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг өнөөдөр Монголын Архитекторуудын эвлэлийн ордонд тэмдэглэн энэ өдөр Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Усан спорт сургалтын төвийн зүүн талаар үргэлжлэх гудамжийг түүний нэрэмжит болгов.
Ойн арга хэмжээ нь нэрт архитекторын түүхэн уран бүтээл, амьдралыг нийгэм олон
нийтэд таниулах, архитектор мэргэжлийг сурталчлах, Хотын ерөнхий архитекторын
үүрэг, хариуцлага, мэргэжлийн ёс зүй ямар байдаг
талаар залуу хойч үед, өнөөгийн
нийгэмд таниулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, уулзалт, “Архитектор
Буджавын Чимэд” номын нээлт болж, түүний
цээж барималыг Монолын Архитекторуудын эвлэл (МАЭ)-ийн ордонд байршуулж,
уран бүтээлээр үзэсгэлэнг дэлгэн толилууллаа.
Б.Чимэд нь 1940-1948 онд Москвагийн Архитектурын техникум, дээд сургуульд суралцаж төгсөн, 1953-1956, 1961-1969 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, 1973-1979 онд Дархан хотын Ерөнхий архитектор, Дархан хотын орлогч дарга, Архитектур төлөвлөлтийн газрын орлогч дарга, Улсын Барилгын хорооны орлогч дарга, Улсын барилга эдийн засгийн комиссын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсныг өнөөдөр болсон эрдэм шинжилгээий хурал дээр дурсаж байв.Тэрээр мөн Монолын Архитекторуудын эвлэл (МАЭ)-ийн анхны ерөнхийлөгчөөр 1957-1963 онд ажиллаж байсан юм. Тэрээр
1966 онд бичсэн бүтээлч ажлын тайландаа архитектор Б.Чимэд гуай “Миний 30 жилийн бүтээл, хөдөлмөрийн үр дүнг ардын урлагийн мөнхийн дэвшилттэй уламжлалыг шинэ хэлбэр загвартай хослуулан өнөө цагийн архитектурын бий болгох гэсэн үзэл бодол хэмээн үзэж болно” гэсэн үгнээс нэрт архитекторын үзэл санаа, уран бүтээлийг харах боломжтой"-г өнөөдөр мэргэжил нэгт нөхөд, ахмад архитекторууд дурсан ярьж байлаа.
Түүний бүтээлүүдээс дурьдвал:
- МҮЭ-ийн барилга,
- Залуучуудын ордон буюу
одоогийн Улсын Драмын эрдмийн театр,
- “Улаанбаатар” зочид
буудал,
- Намын шинэ хүчний дээд
сургуулийн цэцэрлэг, тэнд байрлах Д.Сүхбаатарын хөшөө,
- Дуурийн театрын хашаа,
- Төрийн ордны арын
цэцэрлэг,
- Төрийн ордны өмнөх
индэр,
- Төв театрын дотор
чимэглэл,
- Д.Сүхбаатарын талбайн
анхны байнгын индэр,
- Улаанбаатар хотын
ерөнхий төлөвлөгөөний эскиз,
- Д.Сүхбаатар,
Х.Чойбалсангийн бунхан,
- Хужиртын рашаан
сувилалын барилгууд,
- Улсын төв музей,
- Улаанбаатар, Дархан хотын
ерөнхий төлөвлөгөө
- УБ хотын 12, 15 дугаар хорооллын ерөнхий төлөвлөгөө зэрэг 90 гаруй обьектын зураг төслийг боловсруулсан юм.
- Б.Болд
- Гэрэл зургийг Б.Чадраабал