АТГ энэ сард 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-25 14:36:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн хурлаар сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ болон төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийн талаар өнөөдөр /2018.10.25/ жишээ баримттай мэдээлэв.

Хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.



Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг, “Энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, хууль зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцсон. Эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр хандив цуглуулсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ, албаны мөнгийг охиныхоо компанийн данс руу шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. АТГ-аас энэ байдлаар нэр дурдаж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш бөгөөд төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм.

Мөн энэ сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 863 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Тухайлбал, Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн иргэдийн мэдүүлгийг хянаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. АТГ-аас төрийн байгууллагуудад өгсөн Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна. Зарим төрийн байгууллагад илэрсэн зөрчил, дутагдлын талаар товч мэдээлье. 

“Бөртэ” ТӨААТҮГ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор тус үйлдвэрийн өмнөх захирлын хувийн оёдлын цехд ашиглаж байсан хуучин оёдлын машин, тоног төхөөрөмжийг 46.3 сая төгрөгөөр худалдан  авсан.  Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга нөөц сангийн хөрөнгөнөөс шагнал урамшуулалд нийт 30,8 сая, ӨЭМТ-тэй байгуулсан гэрээний гүйцэтгэл, уран сайхны кино бүтээх зэрэг үйл ажиллагаанд нийт 77.5 сая, бусад 10 удаагийн арга хэмжээнд 46.4 сая төгрөгийг зарцуулж нөөц хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан. ИНЕГ-ын алба хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байгаа талаар АТГ анхааруулж, энэ зөрчлийг дахин гаргахгүй байх зөвлөмж хүргэсэн. Уг зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдсаар байна. Тухайлбал, 2017 онд 1,4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан боловч байгууллагынхаа үндсэн ажилтан биш ЗТХЯ-ны албан тушаалтнуудад 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгосон. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн.  Мөн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчдад шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг олгох асуудал тасрахгүй байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн бөгөөд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЗДТГ-ын удирдах албан тушаалтан нь тус суманд  улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал бий болгосон, “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТГ-ын эрх бүхий албан тушаалтан нь мөн албан тушаалаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг  хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Төрийн албан тушаалтан Э, Г нар албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад өгсөн” гэв.

Мөн АТГ-аас төрийн албан хаагчдыг сургах, хууль таниулах, ёс зүйн заавар зөвлөгөө өгөх зорилгоор явуулж буй “Авлигын эсрэг сургалт”-ын энэ оны 4 дүгээр улирлын сургалт эхэлсэн. Өдөр бүр олон нийтийн төвд төрийн албан хаагчид ажил мэргэжил, эрхлэн гүйцэтгэж байгаа чиг үүргийнхээ дагуу сургалтад хамардаг. 75 удаагийн сургалтад 6000 орчим төрийн албан хаагч хамарсан бөгөөд он дуустал 2665 төрийн албан хаагчийг авлигын эсрэг сургалтад оролцуулахаар төлөвлөсөн гэдэгээ дуулгав.


Мэдээллийн төгсгөлд АТГ-ын өнгөрсөн гурван жилд иргэдээс хүлээн авах гомдол, мэдээлэл ихэсч буйг тоогоор танилцуулахдаа тус газрын мөрдөгч нарын ачаалал нэмэгдсэн ч хэрэг илрүүлэлт сайн байгааг хэлэв.



АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо сүүлийн 2 жилийнхтэй харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.



Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргийн тоо өмнөх онуудын мөн үетэй харьцуулбал 2.5 дахин өссөн. 

Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай хэргийн тоо өссөн нь тодорхой шалтгаантай. Энэ нь АТГ-ын мөрдөн шалгах харьяаллын бус гомдол, мэдээлэл олон ирдэг, нийгэмд болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ шалгаж шийдвэрлэнэ гэсэн хүлээлт, найдлага их байдагтай холбоотой. Гэтэл АТГ нь Эрүүгийн хуулиар харьяалуулсан тодорхой тооны хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байдгыг онцлон хэлэв.

Холбоотой мэдээ