Билл Гейтс “Forbes”-ын жагсаалтыг дахин тэргүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /TASS/. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дахин дэлхийн тэргүүн баян боллоо. Тэрбээр 75 тэрбум долларын хөрөнгөөрөө Америкийн “Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн 30 дахь жагсаалтыг тэргүүлсэн байна.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт, өдгөө 79 настай, Испанийн тэрбумтан, “Inditex” компанийг /”Zara”, “Massimo Dutti” брэндийн хувцас үйлдвэрлэгч/ үүсгэн байгуулагч Амансио Ортега оржээ. Нэг жилийн хугацаанд түүний хөрөнгө 0.5 тэрбум доллароор өсч, 64.5 тэрбум доллар болсон байна.
Өдгөө 85 настай, Америкийн алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет энэ жил уг жагсаалтад дахин гуравдугаарт бичигджээ. “Хөрөнгө оруулалтын эзэнт гүрэн “Berkshire Hathaway”-ийн тэргүүний хувьд өнгөрсөн жил тийм ч амжилттай жил байсангүй. Түүний хөрөнгийн хэмжээ 11.9 тэрбум доллароор багасч, 60.8 тэрбум доллар болсон” гэж “Forbes” сэтгүүлд тэмдэглэжээ.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Оросын 77 иргэн багтсан нь өнгөрсөн жилийнхээс 11-ээр цөөн байна.
Д.Жаргал