Украины Дээд Рада Монголоос нөхөн төлбөр шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-02 09:56:20

БИШКЕК. /CA-NEWS/. Украины Дээд Рада Монголын Улсын Их Хуралд албан ёсны захидал илгээжээ. Уг захидалд 13 дугаар зууны үед Бат хаан /энэ үе нь Чингис хааны ач хүүгээр удирдуулсан Алтан ордын үе/ Украины ард түмнийг хоморголон устгасан тухай дурдаад, нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Энэ тухай ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе Н.Лхагвасүрэн “Вести” радиод ярилцлага өгөхдөө ярьсан байна.

Түүний хэлснээр, дундад зууны түүхэн тэр үед Украин улс гэж байгаагүй, харин Киевийн Русь /эртний Оросын вант улсууд/ гэж байсан.

“Хэрэв Дээд Рада хоморголон устгалд өртсөн Украины иргэдийн нэрсийг бичээд өгвөл бид нөхөн төлбөр олгоход бэлэн” гэж тэрбээр хэлжээ.

Украины Дээд Рада “13 дугаар зуунд Монголын эзэнт гүрний харгис дэглэмийн үед Украины ард түмнийг хоморголон устгасан тухай” тогтоолыг баталж, Киевийг сүйтгэснийхээ төлөө нөхөн төлбөр олгох шаардлагыг Монголын эрх баригчдад илгээсэн талаар урьд нь Оросын телевизийн сувгууд 2015 оны тавдугаар сард мэдээлж байв. Тэгэхдээ зарим нь үүнийг тоглоом шоглоом маягаар мэдээлсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ