Нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр 8 авто замын ажлыг хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-19 20:31:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Газрын албанаас энэ жил Баянзүрх дүүрэгт нийт 8 авто зам шинээр барих бүтээн байгуулалтын ажлыг хийгээд байна. 

Эдгээр авто замын нөлөөлөлд нийт 86 нэгж талбарын 3 га газар өртөж, 7.94 км авто замыг шинээр тавих ажлыг хийж дуусч байна. Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 86 иргэнд нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 5 болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг холбосон Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа хүртэлх авто зам, мөн дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хойд гудамжнаас газарчин дээд сургууль, хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил, дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий Цайз захаас хойш өгсөх авто зам, 14 дүгээр хороон дахь Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд талд замын засварын ажил, мөн дүүргийн 5, 22 дугаар хороо, Монел”-ийн уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам орж байна. Түүнээс гадна Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15 дугаар хороо, Зүүн 4 замын уулзвар, гүүрэн гарцын барилгын ажил, дүүргийн 26 дугаар хороо, Өгөөмөр зах орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч болон авто машины нүхэн гарц, 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талаар холбоос зам шинээр барих ажлыг тус тус хийж дуусч байна.

 

Холбоотой мэдээ