Авто тээврийн үндэсний төв 10 мянга гаруй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-10 17:25:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-өөс өнөөдөр тайлангийн хурлаа хийв. Энэ оныг тус  байгууллага “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд 482628 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж  баруун талдаа хүрдтэй 10 мянга гаруй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилжээ.



АТҮТ-ийн дэд захирал Ш.Батсайхан, "Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 59 аж ахуй нэгж, 74 чиглэлд 966 тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, тайлант хугацаанд 2060 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 11 чиглэлд 317 аж ахуй нэгж байгууллага 14232 хүнд даацын автомашинаар 26,8 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Энэ хугацаанд мөн 11763 жолооч мэргэшсэн жолоочийн шалгалтад хамарснаас 6961 жолооч тэнцсэн байна.Мөн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 133233 удаагийн тээвэрлэлтийг хянаж, шуурхай зохицуулалт хийж ажиллажээ. Түүнчлэн 1900-1234 лавлах утсанд 200 мянга орчим дуудлага хүлээн авч, мэдээлэл өгсөн бөгөөд 70140 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн дүнтэй байна. 240 мянган тээврийн хэрэгсэл шилжилт хөдөлгөөн хийлгэсэн, авто үйлчилгээний мэдээллийн санг ашиглалтад оруулж, 230 аж ахуй нэгж, иргэний 2500 гаруй засварын түүхийг үүсгэсэн" гэв.


Холбоотой мэдээ