Нийслэлийн төвлөрлийг сааруулахад Төв аймаг чухал үүрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-10-10 10:01:58
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Хөгжлийн алтан гурвалжин Улаанбаатарын өдөр” өдөрлөгийг Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон аймгийн удирдлагууд хамтран  Зуунмод суманд 10 дугаар сарын 09-нд зохион байгуулав.

Энэ оны тавдугаар сард зохион байгуулсан “Хөгжлийн түүчээ-Төв аймаг” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг санаачилсан аж.

Хүрээлэн буй орчин, оршин суугчдын амьдрах нөхцөл сайжраагүй, хүн амын төвлөрөл саарахгүй, дагуул хотууд хэрэгжихгүй байгаагаас 10 жилийн өмнө нийслэлд тулгарч байсан бэрхшээл одоо ч тулгарсаар байна. Хүн ам жилд дунджаар зургаан хувиар өссөн нь улсын дундаж өсөлт болох 1.83 хувиас өндөр байна.

Нийслэлд жилд дунджаар 30 мянган хүн шилжин ирдэг байсан бол 2017 оноос Нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаар 10 мянга болж буурсан. Гэсэн ч нийслэлийн хүн амын 56 хувийг шилжилт хөдөлгөөн эзэлж байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн ачаалал, нийгмийн үйлчилгээний чадал зохистой хэмжээнээс гурав дахин хэтэрсэн эдгээр асуудалд төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ зарцуулж буй.

Нийслэлийн төвлөрлийг сааруулахад Төв аймаг маш чухал үүрэгтэйгээс гадна эдийн засгийн асар том боломжууд энд буй. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр Налайх, Бага-хангай, Багануур, Зуунмод зэрэг хотыг дагуул хот болгож хөгжүүлэхээр төлөвлөсөн.

Мөн Улаанбаатар хотод тээвэр, ложистикийн төв байгуулахад газар, дэд бүтцийн боломж хомс байдаг. Нийслэлийн үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг Төв аймгийн сумдад байгуулснаар эдийн засгийн ашиг орлогыг тухайн нутаг оронд бий болгох боломжтой.

Нийслэлийн хүнсний хэрэгцээг хангахын тулд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн талаар тодорхой бодлого гаргаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Хотын хөдөө буюу бага талбайгаас өндөр ашиг олох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлэх ёстой. Түүнчлэн аялал жуулчлалын бүс, Манзуширын ам нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг. Манзуширын амыг Төв аймагт шилжүүлэх эсэх нь УИХ-аар эцэслэн шийдэх учраас шийдвэр хүлээхгүйгээр гэрээний үндсэн дээр аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гол маршрут болгох боломж хөгжлийн алтан гурвалжингийн хүрээнд  бүрдэж байна хэмээн Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ онцолсон юм.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Улаанбаатар хот, Төв аймаг нь нэг нутаг дэвсгэр дээр олон жил хамт явж ирсэн. Өнөөдрийн өдөрлөг цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хөгжлийн чиг хандлагаа сайжруулахад чиглэнэ. Нийслэл гэх том айлын хүнсний хэрэглээг хангах, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагуудын түүхий эдийг хангах чиглэлээр Төв аймаг байгуулагдсан цагаасаа эхлэн чухал үүрэгтэй оролцож ирсэн. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг үр өгөөжтэй, байлгах, харилцан бие биенийхээ хөгжлийг дэмжих чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагууд үр дүнтэй, санаачлагатай ажиллах шаардлагатай байна.

Нутгийн удирдлагуудын байгууллагуудын түвшинд хөгжлийн уялдааг хангах, нэг нэгнийхээ давуу талыг түшиж хөгжих, сул талуудыг арилгах замаар хамтарч ажиллах, бүсчилсэн хөгжлийг хангах, төвлөрлийг сааруулахад уг санамж бичгийн гол агуулга оршиж байгаа юм.

УИХ-ын даргын санаачилгаар “Манзушир” соёл, шашны цогцолборын техник эдийн засгийн зураг төсвийг боловсруулсан. Үүнийг бодитой ажил болгох талаар бид хамтдаа эрчимтэй ажиллах шаардлагатай. Өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, гадаад, дотоодын аялагч нар зорьж үздэг энэ газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, өсөлтийг хангах ёстой.

Газар нутгийн харьяаллын асуудлаас илүүтэйгээр төвөггүй зорчих боломжтой дэд бүтцийг бий болгох, нийгмийн үйлчилгээний асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй юм. Өнгөрсөн жил аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 7.4 км авто замын зураг, төсвийг хийлгэсэн. Энэ жил 0.4 км авто зам гүүрийн байгууламжийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэлээ. Ирэх жил замын ажлыг барьж дуусгахаар ирэх оны төсвийн төсөлд хөрөнгө санхүү төсөвлөсөн ч Сангийн яамнаас Засгийн газар, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсөлд төсөв нь алга. Үүнийг аймаг, нийслэл ирэх жил хамтдаа шийдэх шаардлагатай” гэв.

Бүс нутаг, хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт аймаг нийслэлийн удирдлагууд болон Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа нар гарын үсэг зурав. 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон бусад 33 газар, агентлагийн дарга нар оролцлоо. 

Төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, засаглалын чиглэлээр хамтран ажиллахад санамж бичгийн гол ач холбогдол оршиж байгааг албаныхан тодотгосон юм.

“Хөгжлийн алтан гурвалжин Улаанбаатарын өдөр” өдөрлөгийн үеэр аймгийн Спорт ордонд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэлээ. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нарийн мэргэжлийн эмч нар ЭХО, нүд, шүд, эрэгтэйчүүдийн үзлэг зэрэг есөн төрлийн үзлэг оношилгоонд мянга гаруй иргэн хамрагдсан гэж Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хэлэв.

 



Мөн “Мөнх-Алдар”-ын талбайд болсон үзэсгэлэн худалдаанд  Нийслэлийн худалдаа үйлчилгээний томоохон 20 гаруй аж ахуйн нэгж 40 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэсэн. Намрын сэрүүн улирал болж байгаа учраас үзэсгэлэнд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг голчлон хэрэглэгчдэд хүргэлээ гэж Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Түүнчлэн нийслэлийн нийгэм, соёлын үйлчилгээг аймгийн иргэдэд хүргэх чиглэлээр Монгол туургатан театрт “Улаанбаатар чуулга”-ын тоглолт болов.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ